|

УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж сонгууль явуулах тухай яриа бодит санал болох нь өдөр ирэх тусам шинэ мэдээлэл, баримтаар баталгаажиж байна. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа нэр нөлөө бүхий гишүүдтэй уулзаж УИХ-ыг тараах саналаа танилцуулсан гэх мэдээлэл гарлаа. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар уржигдар сэтгүүлчидтэй уулзахдаа ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж сонгуулийг хамтад нь явуулах талаар парламентын түвшинд ярилцаж байгаагаа хэлсэн. Тэрээр "Парламентыг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” гэсэн юм.

УИХ-ыг тарааж, сонгууль явуулах нь МАН-д ашигтай

МАН-ын удирдлагууд "УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явуулбал манай намд ашигтай” гэж үзэж байгаа бололтой. Хариулага хүлээж УИХ-ыг анх удаа хугацаанаас нь өмнө тараасан гэдгээрээ сонгуулийнхаа сурталчилгааг хийж таарна. Мөн ээлжит сонгуулийн хугацааг хүлээвэл МАН-ын нэр хүнд улам л унана. Харин УИХ-ыг тарааж гэнэт сонгууль явуулбал ард нийтийн санал асуулгын ирц бүрдээд зогсохгүй МАН-д ашигтай гэж тооцжээ. Учир нь, тэдний өрсөлдөгчид сонгуульд оролцох ямар ч бэлтгэлгүй байгаан. Тодруулбал, МАН одоо сонгууль явуулбал, 2020 оны сонгуулиар авах байсан цохилтоосоо арай хөнгөхөн цохиолт авна. Тиймээс намынх нь удирдлагууд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай тогтоолд гарын үсгээ зурахыг гишүүддээ зөвлөж байгаа юм байна. Үүнийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа батлахын зэрэгцээ өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан эсэргүүцлээ. Тэрээр "Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек болоод зарим хүмүүс УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү” хэмээн жиргэв.

Гишүүдийн гуравны хоёрын саналаар парламентыг хугацаанаас нь өмнө хэрхэн тарааж болохыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм.

31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.

31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

Хуульд заасанчлан УИХ-ыг тараахад 51 гишүүн нэгдэх шаардлагатай. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гишүүд гарын үсгээ зураад эхэлсэн гэдгийг Х.Болорчулуун гишүүн хэлсэн. Мөн тэрээр өөрөө дэмжиж гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдсэн юм. Түүнлэн Н.Оюундарь, О.Содбилэг нар УИХ-ыг тараахыг санаачилгыг дэмжихээ илэрхийлжээ.

УИХ-ыг Засгийн газар шиг тогтворгүй болгох эрсдэлтэй

УИХ-ыг тараах санаачилга анх удаа гарч байгаа нь энэ биш юм. Өнгөрсөн нэгдүгээр сард АН УИХ-ыг тараах санаачилга гаргахад МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар гарын үсгээ зурж байлаа. Гэхдээ одоо тэдний байр суурь хэвээрээ эсэх нь эргэлзээтэй. Д.Хаянхярваа гишүүн гэхэд л "Одоо тарахад хэтэрхий оройтсон” гэсэн байр суурьтай байгаа юм байна. 51 гишүүний гарын үсгийг цуглуулж, хэлэлцэн батлах хүртэл байр суурийг нь хадгална гэдэг амаргүй. Тиймээс магадгүй энэ бүтэхгүй санаачилга байх.

Хэрэв бүтлээ гэхэд эрсдэлтэй, бас сөрөг үр дагавартай. Эрсдэл нь гэвэл, дулааны улиралд явуулахад дөнгөн данган ирц нь бүрддэг сонгуулийн ирц өвлийн хүйтэнд бүрдэх үү. Бүрдэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт талаар болно. Мөн улс оронд тогтворгүй байдал үүснэ. Тогтвортой байдлыг бий болгох зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү тогтворгүй байдлын эхлэл болох магадлалтай.

Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө амжилттай зохион байгууллаа ч цаашдаа муу жишиг тогтох эрсдэлтэй. Засгийн газрыг хүссэн үедээ огцруулдаг шиг УИХ-ыг ч хүссэн үедээ тараадаг болохыг үгүйсгэхгүй.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: eagle.mn