|

Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

МАН-ын хэдэн гишүүд УИХ-ыг тараах тухай гар хөлийн үсэг зуран гүйлдээд эхлэв. Дарга нарынхаа өрөөгөөр орой үдэш цуглан их л сүрхий ярилцаж байгаа юм байна. Одоогоор тавь шахуу гишүүн УИХ-ыг тараая гэж гарын үсгээ зураад байгаа бололтой.

УИХ-ыг тараая гэдэг саналыг сонгогч бид дэмжиж байна. Эрт тарвал илүү л сайн. Энэ гишүүд ажлаа хийж дийлэхээ болиод, гишүүн байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч ийм шийдвэр гаргаж байгаа биз. Үнэхээр ч Монгол төрийн түшээ хэмээх эрхэм сэнтийд заларч, улс орныг удирдах нь бүү хэл жирийн иргэн ч тэр бүр орооцолдоод байдаггүй хэл ам, хэрэгт төвөгт холбогдоод байгаа болохоор өөрсдийгөө мэдэрсэн бололтой. УИХ-ыг тараая хэмээн гарын үсэг зураад байгаа одоогийн парламентын гишүүд бол энгийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн мөнгийг эрх дархаараа дулдуйдан хэдэн тэрбумаар нь авч, мөнгө хүүлэгсэд. Эрх мэдэл, албан тушаалын авлигачид буюу 60 тэрбумынхан. Концессын мөнгийг хэдэн зуун саяар нь халааслагчид юм. Хажуугаар нь хүчин хийж, лиценз, газрын наймаанд нэр холбогдоно. Дээрх хэрэгт нэр холбогдоогүй хүн гэвэл олон жил төрд ажиллаж хат суусан Д.Лүндээжанцан, Стэнфордод багшилж байсан А.Ундаа, АН-ын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа нар л байна уу даа. Дийлэнх нь хэрэг төвөгт ямар нэгэн байдлаар холбогдсон, нэр хүнд нь шороон дээр өнхөрч яваа хүмүүс. Ийм байхад тарах тухай ярьж эхэлдэг нь тун сайн хэрэг юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиийн 31 дүгээр зүйлд ямар тохиолдолд УИХ-ын бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болох тухай заажээ. Үүнд: Нэгдүгээрт, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Гуравдугаарт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан тохиолдолд хууль тогтоох дээд байгууллага УИХ тарах хуулийн заалт байна. Ийм үед л УИХ тарах хуулийн заалттай. Тэгэхээр "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн гишүүд маань Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Боломжгүйн шалтгаан нь өөрсдийнхөө чадамжийг бодитоор үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, "бид энэ улс орныг чинь удирдаж чадахгүй юм байна. Хоорондоо ч хэрэлдээд таарахаа болилоо. Чаддаг хүмүүст нь өгье” хэмээн хүлээн зөвшөөрч, цагаан тугаа өргөн бууж өгч буй хэрэг юм. Юун улс орны эрх ашгийг эрхэмлэх, төрийн хуулийг дээдлэх, үүргээ чин шударгаар биелүүлэх манатай.

Тиймдээ ч тун цөөхөн хоногт 50-иулаа нэгэн дуугаар УИХ-ыг тараахаар гарын үсгээ зурж явна. Үүнийг туйлын зөв хэрэг хэмээн сонгогчид үнэлж байна.

Харин нэг зүйлийг энд зориуд тодотгон анхааруулмаар байна. "УИХ-ыг тараая” хэмээн гарын үсэг зурсан гишүүд "дахин нэр дэвшихгүй” гэдгээ амлах ёстой. Монголын ард түмний өмнө "дахин УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшихгүй” гэдгээ амлаж, хаалгаа нэр төртэйгөөр хаагаад явах ёстой юм. Дахин сонгууль зарлахад гарын үсэг зурсан нөхөд хээв нэг нэр дэвшээд гүйж явах магадлалтай учраас ингэж сануулж буй юм. Одоо ажиллаж чадаагүй байж дараа нь ажиллана гэдэгт хэн ч үнэмшихгүй. Ёстой хогийн, утгагүй зүйл болно. Тэгээд ч ард түмэн та нарыг дэмжихгүй. Мөнгө өгөөд хөөрхөн аргалаад сонгуульд ялчихдаг үе аль хэдийнэ ард хоцорсон. Сонгогч олны итгэлээр УИХ-ын гишүүн болчихоод яаж гэмт хэрэг хийж, яаж эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж, яаж монгол төрөөр тоглож буйг чинь хангалттай харж байна. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага, сэтгүүлчид, нийгмийн сүлжээнийхэн ч УИХ-ыг тараах гарыг үсэг зурсан гишүүдийг өдөр бүр ард түмэнд сануулж байх болно. Хэн юу ярьж, монгол төрөөр хэрхэн тоглосныг нь тасралтгүй явуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, сануулах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэх болно.

УИХ-ыг тараах гэж гарын үсэг цуглуулж буй эрхмүүд ажлаа шуурхайлж, даруйхан шийдэх хэрэгтэй. Шинэ УИХ-ын гишүүдтэй болохгүй бол улс орны ажил цалгардах нь. Сонгуульд нэр дэвших хүмүүсээ намын дарга нар нь ч бодолтой сонгоно биз. "Ажлаа хийж чадахгүй ээ” гээд төрийг тараасан хүмүүсээсээ хол байсан нь өлзийтэй гэдгээ эрхбиш мэдэж байгаа байлгүй. Тэртэй тэргүй ард түмэн ч гярхай шүү дээ.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу