|

Багш нарын дунд “Спорт-явган аялал”-ын тэмцээн боллоо

Дархан-Уул аймгийн 3 удаагийн тэргүүний 4 дүгээр сургуулийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн нэгдсэн үйл ажиллагаа буюу баярын хурал, төгсөгчдийн уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт 10 дугаар сурын 11-ны өдөр Дархан хотод болно.

Ойн хүрээнд бүтээлч ажлуудаас гадна ЕБС-иудын эрдэмтэн багш нарын дунд хамтын уялдаа холбоог бэхжүүлсэн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Тэд энэ удаад ЕБС-ийн багш нарын дунд "Спорт-явган аялал”-ын тэмцээн зохион байгууллаа. Нийт зургаан сургуулийн 40 гаруй багш нар оролцсон тус тэмцээн Дархан хотоос 12 км-ийн зайтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Булагтай хэмээх гэзэр  энэ сарын 22-ны өдөр болжээ.

Тэмцээн эхлэхийн өмнө тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, даралт үзэж дууссаны дараа нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн байна.

09.00 цагт 4 дүгээр сургуулиас эхэлсэн явган аяллын гараа 12 км замыг туулж гурван төрөлт тэмцээн зохион байгуулах байгалийн үзэсгэлэнт "Булагтай” хэмээх газар өдрийн 12.00 цагийн орчимд очжээ. 

Нэг баг үндсэн 6 гишүүнтэй, нэг дасгалжуулагчтайгаар тэмцээнд оролцсон бөгөөд эхний тэмцээн уулын оргил булаалдах тэмцээн байсан бол хоёр дахь нь ориентерынг буюу луужин ашиглан нуусан тэмдэгт илрүүлэх, гурав дахь тэмцээн нь хөгжилтэй буухиа гэсэн төрлүүдээр зохион байгуулж аваргуудаа тодруулжээ.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү спорт явган аяллын тэмцээнийг ЕБС-ийн багш нарын дунд анх удаа зохион байгуулсан төдийгүй тэдний амралтын өдрийг ая тухтай өнгөрүүлэх, хамтын уялдаа холбоог спортоор дамжуулан бэхжүүлэх, уламжлалт спортын тэмцээнээс татгалзаж шинийг эрэлхийлэхэд чиглэгдсэн гэж зохион байгуулагч 4 дүгээр сургуулийн захирал Д.Дэлгэрбаяр онцолж байлаа. 

Шинэ бүхнийг эрэлхийлсэн, түүхэн ойгоо тэмдэглэж буй тус сургуулийн нэрэмжит спорт явган аяллын тэмцээнд Б.Мөнхгэрэл ахлагчтай 24 дүгээр сургуулийн "Жавхаа” баг, дэд байрт О.Урансүх ахлагч 16 дугаар сургуулийн  "Жигүүр” баг , гуравдугаар байрт Г.Энх-Эрдэнэ ахлагчтай "Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн "Оюуны-Ирээдүй” баг орж шилдгүүдээр тодорсон байна. 

Ташрамд, 4 дүгээр сургууль нь 1969 онд анх 8 багш 310 гаруй сурагчтай 2 удирдах ажилтантайгаар байгуулагдсан аж. Улмаар 1973 онд одоогийн байгаа тосгонд шилжин ирж 8 жилийн сургалттай болжээ. 2008 онд Япон Улсын Жайка байгууллагын тусламжаар 750 гаруй сурагчийн хүчин чадалтай шинэ барилгатай болж 12 жилийн тогтолцоонд шилжсэн байна.

Л.Отгонбаатар