|

Т.Аюурсайхан Байнгын хорооныхоо нэрийг барив уу, эсвэл гишүүд нь түүнтэй хамт шүгэлдэхээс айв уу?

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийсэн. Монгол Улсын дипломат алба, төрийн алба, улс төрийн намд ажиллаж байсан болон одоо ч ажиллаж буй 69 иргэнийг Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа тухай тэрээр мэдээлсэн юм. Уг нь энэ бол маш ноцтой мэдээлэл. Гэвч олон нийт өдөр болгон л улстөрчдийн нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн үг, үйлдлийг сонссоор иймэрхүү мэдээлэлд цочрохоо байж.

Т.Аюурсайхан бол шүгэл үлээгч гишүүдийн нэг. Өмнө нь УИХ-ын гишүүнийхээ хувиар шүгэлддэг байсан бол энэ удаад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхоо нэрээр үлээв. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Т.Аюурсайхан гишүүн хэвлэлийн бага хурал хийх тухай бус "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийнэ” хэмээн сэтгүүлчдэд зар түгээсэн юм. Гэвч 17 гишүүнтэй Байнгын хорооны дарга зөвхөн Байнгын хорооныхоо ажлын албаны ахлах зөвлөхтэйгөө хамт суугаад мэдээлэл хийлээ.

Мөн Байнгын хороодоос мэдээлэл хийсэн тохиолдолд мэдээг нь УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулдаг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс түүний хийсэн мэдээллийн тухай нэг ч өгүүлбэр оруулсангүй. Энэ бүхнээс үзвэл Т.Аюурсайхан гишүүн Байнгын хорооныхоо нэрийг бариад хувийн тоглолт хийчихсэн юм биш биз дээ. Эсвэл Байнгын хорооны гишүүд нь түүнтэй хамт шүгэл үлээж, өөр дээрээ гал дуудахаас айв уу. Уг нь УИХ-ын тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцдэг Байнгын хорооны хувьд энэ нь яахын аргагүй анхаарлаа хандуулах асуудал мөн. Гэтэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Байнгын хорооныхоо нэрийн өмнөөс мэдээлэл хийсэн даргадаа яагаад хань болсонгүй вэ.

Т.Аюурсайхан гишүүн үнэхээр Байнгын хорооныхоо нэрийг барьж мэдээлэл хийсэн бол харамсалтай. Тэрээр сонгуулиас өмнө ийм байдлаар хэчнээн удаа мэдээлэл хийхийг таашгүй. Поп гэгддэг Т.Аюурсайхан гишүүн байтугай дөрвөн жилийн турш дуу нь гараагүй гишүүд сонгуулийн өмнө Байнгын хорооны дарга болохын төлөө зүтгэдэг юм. Учир нь, сонгуулийн өмнө Байнгын хорооныхоо нэрийг барьж хувийнхаа сурталчилгааг хийх нь бий. Ялангуяа, сонгуулийн жил эхэлж, элдэв янзын арга хэмжээ зохион байгуулахыг хуулиар хориглосон үед Байнгын хорооныхоо ажлын шугамаар олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулдаг. Бүр Байнгын хорооныхоо ажлын албаныхныг дагуулан тойрогтоо ажилласан тохиолдол ч бий.

Даргадаа хань болохоос "айсан” УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг танилцуулъя.   

  1. О.Баасанхүү
  2. Х.Баделхан
  3. С.Батболд
  4. Б.Бат-Эрдэнэ
  5. Л.Болд
  6. Д.Лүндээжанцан
  7. Б.Наранхүү
  8. Н.Номтойбаяр
  9. Х.Нямбаатар
  10. Н.Оюундарь
  11. Я.Санжмятав
  12. О.Содбилэг
  13. А.Ундраа
  14. Б.Энх-Амгалан
  15. Ж.Энхбаяр
  16. Н.Энхболд

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: eagle.mn 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу