|

“Ногоон паспорт-Ногоон төгөл” бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

"Ногоон паспорт- Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд байгуулж байна. Тус ажил өнөөдөр Дархан хотод болж сурагчид "Ногоон паспорт- Ногоон төгөл” байгуулах эхлэлээ тавьж 3,5 га талбайд мод тарилаа.  
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар "Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд "Ногоон паспорт” аяныг 2018 оноос Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн аж. 
Энэхүү аяны гол зорилго нь өсвөр үеийнхнийг байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүдлийн эсрэг мод тарихад оролцох, улмаар танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.
Ийнхүү тус ажлыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж хүүхэд багачуудыг байгаль дэлхийтэй зөв харьцахад дэмжлэг болж аймгийн ЗДТГ хамтран ажиллаж "Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл болж мод тарилаа.

Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад Дархан хотын Ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим сурагч оролцсон байна.  Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар ногоон паспорт эзэмшигч сурагчидтай уулзалт хийн, ногоон паспорт аппликейшныг танилцуулж, Минимата гэрэл зургийн үзэсгэлэн, хаягдал зай хураагуур цуглуулах зэрэг ажлыг 09 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудад зохион явуулжээ.

Л.Отгонбаатар