|

”Босоо заяатай Монгол” дууны яруу найргийн наадам боллоо

Монголын Зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбараас эрхлэн Дархан хотын 58, Зохиолчдын салбар байгуулагдсаны 55 жилийн хүрээнд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, хөгжмийн зохиолч, МУСГЗ М.Хунлиузын шүлэг, хөгжим ”Босоо заяатай Монгол” дууны нэрэмжит дууны яруу найргийн наадам зохион байгууллаа. 
Тус дууны яруу найргийн наадам "Дархан-50” цогцолборт байрлах "Босоо заяатай Монгол дуун хөшөө”-ий дэргэд боллоо.

Уг наадамд Дархан-Уул аймгийн 20 гаруй найрагч оролцсоноос тэргүүн байрыг яруу найрагч, ая зохиогч Ц.Ичинхорлоо, дэд байрт яруу найрагч Ц.Ганбаатар, гуравт яруу найрагч Ш.Батчимэг, тусгай байрт яруу найрагч Ц.Цэнд, Д.Цэрэндаваа нар шалгарав.

МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын дарга, МЗЭ-ийн гишүүн, "Гомбын Сэр-Одын шагнал”-т яруу найрагч Р.Лхамрагчаа: "Манай салбар нь удахгүй болох Дархан хотын 58 жилийн ой болон манай салбар байгуулагдсаны 55 жилийн ойг угтаж хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсний нэг энэ удаагийн дууны яруу найргийн наадам юм. Манай салбараас төрсөн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хөгжмийн зохиолч М.Хунлиуз нь яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлсний гадна П.Бадарч, Т.Очирхүү, Л.Одончимид, Ж.Сарантуяа, Г.Мөнхцэцэг, Л.Мөнхтөр, Д.Лхагвасүрэн нарын нэрт яруу найрагчдын болон Дарханыхаа арав гаруй яруу найрагчдын шүлгүүдээр дуу бүтээж Ардын жүжигчин Б.Самбуу, Г.Баярмагнай, А.Нэргүй, Ч.Мөнхшүр, МУГЖ Ц.Өлзий-Орших, С.Цэрэндорж, У.Далантай, Б.Рина, С.Эрдэнэцэцэг, Г.Жанчив, А.Бүтэд, Г.Ариунбаатар, Д.Долгормаа, Б.Батбаатар, Э.Бүрнээбаяр, С.Ганзориг, Ж.Бямбаа нар болон мөн МУСТА арав гаруй дуучид, олон залуу дуучид түүний зохиосон олон арван дууг дуулж нийтийн хүртээл болгосон байдаг.

Энэ удаагийн дууны яруу найргийн наадмыг зохион байгуулсан нь МУСГЗ М.Хунлиузын үг, ая "Босоо заяатай Монгол” дуу зохиосны 21 жил, дуу нийтийн хүртээл болсны 20 жил, уг дуунд зориулсан гэрэлт хөшөө босгосны нэг жилийн ой тохиож байгаагаараа онцлог. "Босоо заяатай Монгол” хэмээх энэ дуу нь Монгол эх орон, ард түмний бахархал, омогшлыг төрүүлсэн сайхан дуу учраас Төрийн хүндэтгэл ёслолд МУГЖ С.Цэрэндорж, Г.Ариунбаатар, Б.Батбаатар нар удаа дараа дуулж нийтийн хүртээл болгосон юм. Энэхүү дууны яруу найргийн наадамд байр эзэлсэн дууны шүлгүүдийг манай салбараас жил бүр хэвлэн гаргадаг оны шилдэг бүтээлийн "Алтан-Өд” эмхэтгэлд хэвлэж уншигчдын хүртээл болох учиртай. Энэ удаагийн наадмын бүх зардлыг хөгжмийн зохиолч өөрөө ивээн тэтгэж гаргасныг хэлэх ёстой” гэв.

МУСГЗ М.Хунлиуз: "Миний зохиосон "Босоо заяатай Монгол” дууны нэрэмжит дууны яруу найргийн наадам сайхан болж өнгөрлөө. Энэхүү наадмыг санаачилж хамтран зохион байгуулсан МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын удирдах зөвлөл, наадамд дууны шүлгээрээ оролцсон яруу найрагчиддаа баярлалаа. Наадмын шагналт байруудад шалгарсан дууны шүлгүүдэд миний бие ая, хөгжмийг нь зохиох үүрэг хүлээж байгаа бол яруу найрагчид нь нийтийн хүртээл болгохыг өөрсдөө хариуцах юм. Энэ удаагийн наадамд хорь гаруй яруу найрагч тус бүр 2-6 дууны шүлэг ирүүлснээс зөвхөн хоёрыг нь сонгож уншууллаа. Эдгээр дууны шүлгүүдийг цаашид ном болгон хэвлүүлж хөгжмийн зохиолчдод гардуулж тус бүрийг нь дуу болгоно” гэлээ.

Л.Отгонбаатар