|

Дубайн гэрээг цуцлах санал ба саарал жагсаалт

Монгол Улс саарал жагсаалт гэх санхүүгийн хоригт орох эсэхийг шийдэх хурал хэдхэн өдрийн дараа болно. Шийдвэрийг ерөнхийдөө  мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг олон улсын байгууллага болох "FATF” -ын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан "APG” гэх салбар байгууллагаас гаргана.  Уг байгууллагаас 40 зөвлөмж өгсөн, манай улс хангалтгүй үнэлгээ авсан, ер нь бол Лу.Болд гишүүн Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост онгоц зарах гэж оролдсоноос саарал жагсаалтын асуудал хөндөгдсөн гэдгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдэгдсэн зэрэг мэдээллийг бид хангалттай уншсан.

Харин хоёр өдрийн өмнө парламентын спикер Г.Занданшатар энэ асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай гэнэтийн уулзалт хийв. Энэ тухайгаа "Монгол Улс ФАТФ-ын "саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн. ФАТФ-ын шалгуур зөвлөмжийг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандсан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой” гэж цахим хуудастаа мэдээлжээ. УИХ-ын дарга уг мэдээллээ бүр төлбөртэйгөөр тараасныг бодвол Монгол Улс сараал жагсаалтад орох эрсдэл үнэхээр бодитой байгаа бололтой.

Одоо ирэх мягмар гаригт Парист "FATF” ээлжит хурал болох ба уг хурлаар манай улсын асуудлыг хэлэлцэж магадгүйг УИХ-ын даргын гэнэтийн уулзалтын үеэр яригдсан байна.

Харин зарим эх сурвалжийн мэдээллээр манайх саарал жагсаалтад орох уу, үгүй юу гэдэгт бас өөр асуудал, өөр шалтгаан байгаа бололтой. Хар ч бай, саарал ч бай аль ч тохиолдолд Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд асар хохиролтой тусна. Айдас бол сааралд орвол гаднын хөрөнгө оруулагчид нүүр буруулна, банкнууд нь манайхтай харилцах боломжгүй болно. Гадаадаас гүйлгээ хийж чадахгүй болохоор хөрөнгө оруулалттай компаниуд хэцүүднэ, ийм жагсаалтад орж байсан улс орнуудын жишээнээс харахад энэ тохиолдолд зөвхөн БНХАУ л өөрийн банкнуудаараа дамжуулан өндөр шимтгэлтэй гүйлгээ хийдэг байна. Хэрвээ ингэвэл манайх шиг зөвхөн уул уурхайн эдийн засагтай оронд наад зах нь  Оюутолгойн гүйлгээ гацна. Гэтэл бас Оюутолгойтой холбоотой сөрөг хардлага явж буй.

Монголын хууль санаачлагчдын хүрээнд "нийгмийн шахалт”-аар Дубайн гэрээг цуцлах тухай идэвхтэй яригдаад эхэлмэгц Рио Тинто "FATF”-д нөлөөлж байж болох уу гэсэн асуулт улс төрийн хүрээнд яригдаж байна. "Рио Тинто” бол дэлхийн санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагуудад үнэхээр нөлөөтэй компани. Хэрвээ  уншигчид санаж байгаа бол 2017 оноос эхлэн Оюутолгойн гүйлгээг Монголын банкаар хийх хуулийн төслийг Монголын парламент хэлэлцэхээр дэмжсэн. Тэгмэгц тухайн үед дөнгөж эхэлж байсан ОУВС-гийн хөтөлбөр зогсоход хүрч, энэ хүрээнд тохирсон Дэлхийн банк болон Япон улсаас авах санхүүжилт гацаанд орж байлаа. Улмаар удалгүй УИХ дэмжсэн төслөөсөө татгалзаж, Оюутолгойн гүйлгээ урьдын адил гаднын банкаар "гүйдэг” хэвээр үлдсэн юм.

Энэ өнцгөөс нь "Рио Тинто” компани нь хар ба саарал жагсаалтад оруулдаг, гаргадаг эрх мэдэл бүхий ФАТФ байгууллагатай хамааралтай байж болох уу. УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан дүнгээ хэлэлцэх гэж байгаа, энэ хүрээндээ Дубайн гэрээг цуцлах саналыг ажлын хэсэгт тусгасан зэрэг нь шууд болон шууд бусаар нөлөөлж байж болох уу. Хардаж үзлээ.

Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх "FATF” гэдэг байгууллагыг 1989 онд тухайн үеийн "Их долоо”-гийн санаачилгаар байгуулсан байдаг. Дараа нь 2001 онд үйл ажиллагааны чиглэлдээ нэмэлт оруулахад шийдвэр гаргалтын төвшинд нөлөөтэй орнуудын байр, байдал өөрчлөгдөөгүй аж. Одоогоор тус байгууллагын Ерөнхийлөгч нь Хятад, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Англиас байдаг. Харин нарийн бичгийн дарга нарын зөвлөл ерөнхийдөө Америк, Орос, Хятад, Англи, Австрали, Франц, Германы төлөөллөөс бүрддэг байна. "Рио Тинто” нь Англи, Австрали компани бөгөөд дэлхийн тэргүүлэх уул уурхайн компани гэдэг тодорхойлолтыг нь санах хэрэгтэй.  Тэд "Рио Тинто”-гийн эрх ашгийг хамгаална. Яагаад гэвэл Англи, Австрали бол  манайх шиг топ компаниа чулуугаар шиддэггүй, гадаадад ч байсан эрх ашгийг нь хамгаалдаг. "Хэрвээ янз бүрийн шалтгаанаар Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчид солигдох, бүр "Рио Тинто” гарлаа гэхэд зөрөөд Хятад, Оросын хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн гэдгээ ил далдаар эртнээс мэдэгддэг. Улс төрийн хүрээнд ч ажиглагддаг.  "Zietgiest” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Пэтэр Жосеп гэх хүн "НҮБ, Европын холбоо, ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум” тэргүүтэй байгууллагуудыг корпорациудын эрх ашигт үйлчлэхийн төлөө байгуулагдсан гэсэн байдаг. Маргаантай л сэдэв. Юм бүхэн хоёр талтай гэдэг дээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: itoim.mn