|

Монголын популист улстөрчдөд барууныхан хориг тавьж эхэллээ

Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалт бол популистуудад тавьж байгаа барууны хориг мөн. Яг үнэндээ жалгын мухарт захиргаагүй хэдэн хүн дураараа хулгай хийж, дарангуйлал тогтоох гэж оролдсоноос үүдэлтэй. Ард түмнээ дарлах гэсэн тэдний шунал хүслээс эхтэй. Саарал жагсаалт нь Монголын популист улстөрчдөд барууны ертөнц буюу соёлт хүн төрөлхтнөөс өгч буй сануулга гэдэг нь гарцаагүй. Монголын популистууд бидний мөнгөөр сонгуульд ялалт байгуулах вий гэж болгоомжилсондоо хийж буй ажил.

Уг нь энэ үе ОУВС-гийн хөтөлбөрийн нэгдүгээр шат дуусч, хоёрдугаар шат эхлэх хариуцлагатай мөч байв. Яг энэ эгзэгтэй үед барууныхан манай поп дарга нарыг хараад болгоомжлоотохлоо. Монголын шинэ үеийн түүх буюу ардчиллын 30 жилд Монгол Улсын удирдагчид ингэж попорч байсан түүх үгүй л дээ. Тэд юу ярьж попорч байсныг бид мэдэж байгаа. "30 гэр бүлийн хувийн хөрөнгийг хураана” гэсэн. Хувийн үйлдвэр, аж ахуй, уурхайг хурааж цээжээ дэлдсэн. "Хураасан мөнгөө ард түмэндээ, та нартаа хувааж өгнө” гэж манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээдээс эхлээд ярих болсон. Нэг ёсондоо барууныхны, орчин үеийн хүн төрөлхтний ололт амжилтын эсрэг зүйлийг ярьцгаасан гэсэн үг. Гэтэл үүнд нь ард түмэн итгэж, уухайлан дэмжин, алга ташиж эхэлсэн нь халагламаар.

Барууныхан болгоомжилж байна. Тэд тэнэг хүмүүс биш. Хэрвээ энэ попууд мөнгөтэй бол сонгуульд ялна. Сонгуульд ялчихвал Монголын ардчилал алга болно гэж тэд үзжээ. Олон улсын үгэнд ордоггүй, дураараа дургидаг орон яаж баларч байгааг сод жишээ болсон Венесуэль, Хойд солонгос зэрэг орнуудаас харж болно л доо. Тэд олон улсын эдийн засгийн хориг, хавчлагад ордог. Улс төрийн дэмжлэг авч чадахаа больдог. Энэ утгаараа дэлхийн нийт, олон улс өөрсдийнхөө тусламжаар Азийн Венесуэль бий болгохоос болгоомжилсон хэрэг. Тиймдээ ч саарал жагсаалтад оруулав бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн үед Монголын попчидын манлай болсон. Энэ хүн их увайгүй араншинг олон улсын тавцанд гаргаж байгаа. Хятад руу айлчилж, өч төчнөөн зээл тусламж авдаг. Гэсэн ч энэ талаараа ганц удаа ган хийдэггүй. Тэдний зээл, тусламжийг тусад тооцдоггүй. Угтаа урд хөршийнхөө тус дэмээр орон сууц бариулна л гэнэ. Цэвэрлэх байгууламж бариулж өмхийгөөсөө сална, Налайхын зам бариулж осол аваараа багасгана л гэх юм. Гэтэл Ерөнхий сайдын ярьдаг зүйл нь "Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт адуу, малыг амьдаар нь урагш гаргахгүй” гэх попролт. Ажлуудаа бүтээж, бүгдийг нь тохирч ирсэн хойноо хуншгүй загнаж байгаа нь энэ л дээ.

Хятадын эсрэг илэрхийлсэн энэ мэт явцуу байр сууриараа улс төрийн оноо авч, сонгуульд дахин ялалт байгуулна гэж горьдоод байгаа юм. Аливааг жаахан боддог хүн ийм гоомой үйлдэл ч хийхгүй л дээ. Бид 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65.8 хувийг зөвхөн БНХАУ-тай хийжээ. Энэ чамлаад байхаар бага тоо огт биш шүү дээ. Төрийн дээр суугаа түүний хувьд "Ах дүүгийн найрамдалт Хятад улс бидэнд ингэж тусаллаа” гээд яриад сууж байх ёстой юм. Гэтэл бүр эсрэгээрээ байгааг дээр дурдлаа. Ерөнхий сайд нийт массад таалагдахын тулд Хятадыг үзэн ядагч болж жүжиглэж байна. Ингэж попын туйл гэдгээ харуулж байна. Цахим ертөнцөөс айсандаа л тэр ингэж дэмий донгосож байгаа юм. Улсаа бодож гэмээнэ ийм поп мэдэгдэл хийж чадамгүй, боломгүй л санагдах юм.

Төрийн өндөрлөгүүдийн маань попролт энэ хүрээд төгсгөл болсон юм биш л дээ. Энэ зунжингаа Ялалтын баяр хийж пижигнэсэн. Оросын байлдааны онгоцыг Монголд авчирч нисгээд л. Зуны гурван сарыг дуустал л Японы милитаристуудыг бут цохисны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Бүр Засгийн газрын хэмжээнд авч үзэн дээд түвшинд тэмдэглэсэн. Засгийн газрын тэргүүн 2018 онд Японд айлчлал хийхдээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Харин энэ удаагийн айлчлалаараа хоёр дахь шатныхаа санхүүжилтийг авъя гээд хэлээтэхнэ лээ. Ичдэггүй юм байх даа. Ямартаа ч сүүлийн 30 жилийн түүхэнд Япон анх удаа Монгол Улсад үгүй гэж хэллээ. Бүр анх удаа шүү. Энэ бүгдээс харахад олон улс Монголын ардчиллыг хадгалж, хамгаалж үлдэх бодлого барьж байна. Поп улстөрчдийг сонгуульд ялуулахгүй, төрд шургалуулахгүй байхыг тэд эрмэлзэж байна. Улстөрчдийнхөө хэмжээ, хязгааргүй попролын шанд бид олон улсад дэмжлэгээ алдаж эхлэв бололтой. Алс хэтдээ ардчиллаа аварч үлдэх байгаадаа гэсэн горьдлого л биднийг уужруулж байна.

Хэрэвзээ ирэх сонгуульд ялахын тулд хоёр хөршөөсөө мөнгө гуйвал улс төрийн л мөнгө орж ирнэ. Энэ улс төрийн мөнгийг эргэж төлж чадахгүй гэдэгээ ард түмэн одооноос хэлж, сануулж баймаар байна. Ард түмэн ч энэ поп улс төрчдөөсөө салахын тулд гадны зээл тусламж авъя гэж чичлээд байлгүй хагас жил тэсэх хэрэгтэй. Цаашлаад сонгуулиар попуудаасаа салах нь чухал. Тэртэй тэргүй энэ хугацаанд сохор сонголтынхоо горыг хаширтлаа амсаж байгаа нь үнэн хойно. Ер нь ч бид түүхэндээ ийм хэмжээний попуудтай учирсан удаагүй.

О.Ариунцэцэг     

Эх сурвалж: Өдрийн сонин  

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу