|

Дарханы зам зуун задгай

"Энэ замыг ирэх жилийн өвлөөс өмнө ашиглалтад оруулчихаасай” гэж Улаанбаатараас Дархан-Уул аймгийн төвийг чиглэн, хатуу хучилттай хуучин замынх нь хажуугаар зэрэгцүүлэн зассан, арзайж сэрийсэн, овойж шовойсон чулуутай шороон замаар дэржигнүүлэн явахдаа бодлоо. Улаанбаатараас Дархан-Уул хүртэлх цардмал авто замыг бүхэлд нь хаажээ. Хүнд даацын машинууд хаанаас ч юм ачиж ирсэн чулуу, шороогоо хуучин замын хөвөөг дагуулан асгана. Өнөөх шороог бульдозер түрэн тараах аж. Харин индүүдэгч машин дээгүүр нь "зорчиж” нягтаршуулна. Замын энхэл донхолд сэгсчүүлэн, хэсэг давхихад үерийн усны хоолойг экскаватороос өргөн суурилуулж буй барилгачид таарна. Бас зам дагуух гүүрийг шинэчлэн барихаар бетон цутгах хэвээ гагнаж буй хүмүүс зөрнө. Чулуу бутлах карьерууд сэрийнэ. Хайрга, дайрга ачсан хүнд даацын машинууд нааш, цааш давхилдана. Экскаваторууд энд, тэнд газар малтана. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажил зай завсаргүй үргэлжилж байв. Гэхдээ Засгийн газрын тэргүүний "Ашиглалтад оруул” гэж үүрэг өгсөн хугацаатай харьцуулбал ажил нь зуун задгай байгаа нь анзаарагдлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дарханы замыг өргөтгөөд, асфальтыг нь дэвсэн, арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нь нээ” гэсэн үүрэг өгсөн. Компаниуд нийт 204 км замыг өргөтгөн шинэчлэх учиртай. Тогтоосон хугацаа нь тулчихаад байхад нэг км гаруйхан газарт асфальт дэвссэн нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг яагаад ч биелэхгүйг харуулав. Ямар судалгаа, тооцооллыг үндэслэн ийм үүрэг өгсөн юм бол. Ерөнхий сайдын зургадугаар сард өгсөн эл үүрэг олон нийтэд ирэх намраас Улаанбаатар Дархан-Уул аймаг хооронд өргөн, дардан замаар давхих нь гэсэн хүлээлт үүсгэсэн билээ. Ажил "царцаадаг” хахир өвөл ойртож буй энэ үед авто замын компаниуд нийт ажлынхаа 50 хувийг ч амжуулаагүй байгаа гэсэн. Тиймээс иргэд "Дараа жилийн намар л дардан замаар давхих юм байна” гэж хүлээх хугацаагаа сунгасан нь дээр биз.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 83 сая ам.долларын хөрөнгөөр хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх юм. Дөрвөн эгнээ замын хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэн барина. Харин үлдсэн хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар төлөвлөсөн. Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Нийт 204 км замыг өргөтгөн шинэчлэх ажлыг таван багцад хуваан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан. Авто зам тавих сонгон шалгаруулалтад ялсан компаниуд бүгд БНХАУ-ынх гэдгийг энд онцолъё. Нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар мотод (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замыг "Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж”, хоёрдугаар багц буюу Хар модотоос Урьхан хүртэлх 45.5 км-ийг "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг” компани тавина. Тэгвэл гуравдугаар багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг "Гуйжоу хайвэй инженеринг групп”, Сүмбэрээс Цайдамын хөндий хүртэлх 45.08 км-ийг мөн "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг”, Цайдамаас Дарханы тойрог хүртэлх --рац” тавихаар гэрээ байгуулаад буй. Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан хятадууд манай шилдэг зам барилгын компаниудыг туслан гүйцэтгэгчээрээ сонгосон гэх.

Дархан-Уулын зүг хөдлөхөөс өмнө бидэнд таван багцаас хоёрынх нь ажил урагштай яваа гэсэн мэдээлэл байлаа. Үнэхээр нэг болон гуравдугаар багцын ажил урагштай явж буй нь зам даган "аялахад” харагдаж байв. Нэгдүгээр хэсгийн замыг тавьж буй компани өргөтгөлөө бүрэн хийгээд, суурийн хучилтаа нэлээд зайд хийсэн байхтай таарав. Тэднийх нэг км гаруй замд асфальт дэвссэн байлаа. Өнгөрсөн лхагва гаргийн байдлаар тавьж буй замдаа асфальт "наасан” компани тэднийхээс өөр байгаагүй. Ажлаа хамгийн сайн амжуулсан нь гуравдугаар багцыг хариуцаж буй "Гуйжоу хайвэй инженеринг групп”. Тус компани замын сууриа асфальт дэвсэхэд бэлэн болгожээ. Ирэх сарын 1 гэхэд тэднийх нийт ажлынхаа 50 хувийг амжуулах гэнэ. Дараа жил наадмаас өмнө хариуцсан ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Тус компанийн талбай хариуцсан дэд захирал З.Түвшинтөгс "Манай компани долдугаар сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Зун 30 орчим хоног бороо орж, ажил алдууллаа. Зам тавих урьдчилгаа мөнгө наймдугаар сарын сүүлчээр орсон гэсэн. Манайх урьдчилгаа мөнгөө хүлээлгүй, өөрсөө хөрөнгө гаргаж, олон техник дайчлан, зөв зохион байгуулалттай ажилласан тулдаа нэлээд ажил амжууллаа. Борооны улмаас 30 хоног алдаагүй бол ажлынхаа 80 хувийг гүйцэтгэчих боломж байсан” гэв.

Ерөнхий гүйцэтгэгч компаниуд зургадугаар сарын дунд үед захиалагч буюу Зам, тээврийн хөгжлийн яамныхантай гэрээ байгуулж, долдугаар сарын эхнээс ажлаа эхэлжээ. Гэвч бороо орсон, урьдчилгаа төлбөр оройтсон зэргээс шалтгаалж заримынх ажил нь ихэд цалгардсаныг дуулгаж байлаа. Хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ ч ажлын явцад нөлөөлөх нь мэдээж. З.Түвшинтөгс "Хүмүүс шороо овоолоод, асфальт дэвсээд зам тавьчихдаг юм шиг сэтгээд, "Хурдан ажиллахгүй байна” гэж шүүмжилдэг. Замыг тусгай технологийн дагуу тавьдаг. Таарах материалаа сонгох хэрэгтэй. Бид хайрга, чулуугаа 10 км холоос зөөж байна. Энэ бол цементээр бэхжүүлсэн 40 см зузаан суурьтай зам. Мөн уулархаг нутагт тавьж байгаа тул олон гүүр барих, үерийн усны хоолой суурилуулах шаардлагатай. Тиймээс хэдхэн сард амжуулчих хялбар ажил биш” гэж ярилаа.

"Гуйжоу хайвэй инженеринг групп”-ийн зам тавих 45 км зайд үерийн усны 61 хоолой суурилуулах шаардлагатай гэнэ. Үүнээс 31-ийг нь л суурилуулжээ. Хоёрдугаар багцыг хариуцаж буй "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг” компани Хар модот даваанаас Урьхан хүртэлх зайд үерийн усны 40 хоолой суурилуулах шаардлагатай. Үүнээс 10 гаруйг нь л суурилуулаад байгаа гэсэн. Ажил нь хамгийн урагшгүй нь "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг” компани. Тэднийх зам дагуу дөрвөн гүүр барих учиртай. Гэвч эхний гүүрээ барих баг нь өнгөрсөн сарын 5-нд "бууриа” зассан гэнэ. Тус компанийнхан Хар модот даваанаас Урьхан хүртэлх замыг өргөтгөх ажлаа эхлүүлээд удаагүй байгаа нь ч илэрхий. "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг” компани Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45 км замыг өргөтгөн, шинэчлэх ажлын сонгон шалгаруулалтад ялсныг өмнө нь дурдсан. Энэ хэсгийн замыг хааж, хөвөөг нь өргөтгөх шороо асгаснаас өөрөөр гар хүрээгүй байв. Шинжааны энэ компани урьдчилгаа мөнгөө авсны дараа ажлаа эхлүүлсэн бололтой. "Нэг компанид зам тавих хоёр багц хариуцуулсан нь зөв үү” гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй болов уу. "Чайна стэйт шинжаан констракшн инженеринг”-ийн ажил бүр ч зуун задгай байна. Харин Цайдамаас Дарханы тойрог хүртэлх замыг хариуцсан компани чамбай ажиллажээ. Тэднийх хайрган сууриа дэвсэж дуусаад, цементээр бэхжүүлснээ тавьж буйтай таарсан.

Зам, тээврийн хөгжлийн яамныхан Хятадын гүйцэтгэгч компаниудтай зам тавиулаад хүлээлгэн авах 12 сарын хугацаатай гэрээ байгуулжээ. Тэгэхээр Дарханы замыг шинэчлэх төслийн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэсэг нь жилийн дараа бүрэн эцэслэх нь гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилийн зургадугаар сарын дунд гэхэд компаниуд замаа тавьж дуусахгүй бол манайхан тэднээс хариуцлага нэхэх эрхтэй. Гэхдээ зам тавих явц тал хувьдаа ч хүрээгүйг гэрээний хугацаанд ажлаа дуусгах найдлага байхгүйг илтгэнэ.

Мөнөөх арзайж сэрийсэн, овойж шовойсон чулуутай шороон замаар дэржигнүүлсээр намрын наран дор найлах Дархан-Уулд хүрлээ. Зам зуурт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тээврийн хэрэгслийн улсын дугаартай, мөн ачааны машинууд л зөрнө. Урьд өмнөхтэй харьцуулахад цөөн машин зөрж байлаа. Машины "хөлөөр” нарийн тоос босож, үзэгдэх орчин хязгаарлах нь нэн төвөгтэй. Хөвсгөл, Булган, Орхон аймгийн зорчигчид там шиг замаас зугтан өөр чиглэлээр Улаанбаатарыг зорьдог болжээ. Дархан-Уул, Сэлэнгийнхэн зайлшгүй тохиолдол биш л бол машинаар Улаанбаатарыг зорихоо больсон гэнэ. Дархан-Уул аймгийн иргэн Ё.Жавзандулам "Дарханыхан зам муу гээд боож үхэх шахаж байгаа. Тэгээд вагоноор Улаанбаатар луу явдаг болсон. Манай энд вагоны тасалбар ч олдохоо больсон” гэж ярив.

Улаанбаатар Дархан-Уул аймгийн чиглэлд өдөрт дунджаар 5800 автомашин зорчдог. Иймээс Монголын хамгийн эрчимтэй хөдөлгөөнтэй замд тооцогддог юм. Цагаан сар, шинэ жилийн баярын үеэр энэ замд түгжрэл үүсдэгийг монголчууд мэднэ. Замыг нь дөрвөн эгнээтэй болгосноор аваар осол буурч, импортын болон транзит тээвэр хөгжин, эдийн засагт чухал хувь нэмэр оруулна гэж Засгийн газар тооцож байгаа. Дөрвөн эгнээтэй замыг бүрэн ашиглалтад оруулахад таван жилийн хугацаа шаардах болов уу гэж Дарханы замыг тавьж буй инженер залуус төсөөлж байна. Бид Улаанбаатарт ирээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирэх сарын 1-нээс Дарханы хуучин замыг нээхээр болсон тухай мэдээлэл авлаа. Компаниуд ухсан нүхээ бөглөсний дараа хуучин замыг нээх юм байна. Хуучин замыг нь хуулж амжаагүй, ажил нь зуун задгай байжээ.

ЭХ СУРВАЛЖ: UNUUDUR.MN 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу