|

ЭМЭЭ ӨВӨӨ ДЭЭРЭЭ ӨССӨН ХҮҮХДҮҮД УРТ НАСАЛДАГ

Өөрийг нь хайрладаг, өөрөө ч чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлдэг хүмүүстэй өссөн хүүхдүүд илүү эрүүл чийрэг, урт насалдаг гэдгийг судалгааны дүн харуулжээ. Хүндлэл, хайр, итгэлцэл дүүрэн тайван орчин бүхий эмээ өвөөгийнхөө гэрт өссөн хүүхдүүд цэцэрлэгийн орчинд хүмүүжсэн хүүхдүүдээс илүү өөртөө итгэлтэй, тайван басхүү урт насалдаг гэдгийг олон жилийн турш үргэлжилсэн судалгаагаар баталснаа эрдэмтэд дэлгэлээ.

Кливлендийн нэгдсэн эмнэлгийн доктор Ронан Фактора 70-аас дээш насны 500 гаруй ахмадууд дээр хийсэн туршилтаар үүнийг баталжээ. Түүний судалгаанд оролцсон өндөр настнууд бүгд багадаа эцэг эхээсээ илүү эмээ өвөөтэйгээ цагийг хамт өнгөрөөж, тэдний хайр халамжид өсч хүмүүжсэн хүмүүс байсан гэнэ. Эмээ өвөө нарт ч гэсэн ач, зээ нартайгаа хамт байх нь эерэгээр нөлөөлдөг гэдгийг олон судалгаа баталсан нь бий. Бага насны хүүхдүүд тайван орчинд насанд хүрсэн хүнтэй хамт тоглох дуртай байдаг аж. Амралтын өдрүүдээр ч болов эмээ өвөө гэсэн өөрөөс нь насаар олон ах хүнтэй хамт тоглож байснаар хүүхдүүд цэцэрлэг сургууль болон гэртээ хуримтлуулсан стрессээсээ салж чаддаг байна.

Энэ бүхний нөгөө талд тэтгэвэртэй гарч хэнд ч хэрэггүй болсон мэт сэтгэгдэлтэй амьдарч буй ахмадууд ач зээ нараа өсгөж, тэдэнд өөрсдийн амьдралын түүхээ ярьж, алдаа оноогоо хуваалцах нь стрессээсээ салах хамгийн эерэг арга болдог байна. Ач зээгээ харж өгдөг, амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлдэг ахмад настнууд алцхеймер өвчнөөр өвдөх эрсдэл ч бага байдаг гэдгийг Австралид хийсэн нэгэн судалгаа харуулсан байдаг.