|

Үүдэл эс гэж юу вэ

Үүдэл эс гэж юу вэ

 

Үүдэл эс гэж юу вэ? Энэ талаар цувралаар танилцуулж байна. 

Хүний бие олон төрлийн эсээс тогтдог хэдий ч ердөө үр тогтсон өндгөн эсээс бүх амьдрал эхэлдэг билээ. Энэхүү эс нь хуваагдан 2 охин эс болдог. Энэхүү охин эсүүд нь олон төрлийн үйл явцын нөлөөн дор дахин дахин хуваагдан олширсоор нэгэн биеийг бүрдүүлдэг билээ. Хүн бүрэлдэн бий болохын тулд олон тооны олон янзын эсүүд /нүд, чих, хамар, элэг, бѳѳр зэрэг/ нэг эсээс ялгаран хѳгждөгийг шинжлэх ухаан аль хэдийн баталсан. Тэдгээр нь маш нарийн зохицуулалттай байдаг.

Үүдэл эс гэж юу вэ?: энэ нь өөрөө өөрийгөө олшруулах чадвартайн дээр шаардлагатай тохиолдолд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эсүүд байдаг.

Нэг үгээр хэлбэл, үүдэл эс нь хэвийн физиологийн үйл явц /жирэмслэх үед/ болон ямар нэг осол гэмтлийн үед аль нэг эд эс шаардлагатай үед нөхөн төлжих болон олшрох замаар нэгэн биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Тиймээс энэ төрлийн эсийг  "бичил эмч нар” гэж хэлж болох юм.

Уг "бичил эмч” үхсэн эсийн оронд шаардагдах шинэ эсийг нөхөн төлжүүлдэг шинж чанарыг нь ашиглан ямар нэг өвчин туссан хүмүүсийг эмчлэх боломж бүрдээд буй. Жишээ нь зүрхний шигдээстэй өвчтөнд шинэ үүдэл эс шилжүүлэн суулгаснаар харвалтын үед үүссэн зүрхний гэмтлийг эмчилж болохыг судлаачид баталсан.

Тэгвэл үүдэл эсийг Гарлын хувьд 3 ангилдаг. Үүнд:

  • Үр хөврөлийн үеийн үүдэл эс буюу үр хөврөлийн хөгжилийн эхний 7 хоногт байдаг
  • Нас бие гүйцсэн үеийн буюу эдийн Үүдэл эс /ургийн хөгжлийн үеэс насан туршид байдаг эсүүд/
  • Өдөөгдсөн үүдэл эс буюу лабораторийн нөхцөлд гарган авсан үүдэл эс

Үүдэл эсийг Чадварынх нь хүрээнд 5 хуваадаг. Үүнд:

  • Тотипотент эс

Ихэс, үр хөврөл болон биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Пльюрипотент эс

Биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Эдгээр эсийг үр хөврөлийн үеийн үүдэл эс гэдэгß

  • Мультипотент эс

Эд, эрхтэн, эрхтэн системийн хүрээнд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Мөн энэ төрлийн үүдэл эсийг НАС БИЕ ГҮЙЦСЭН ҮҮДЭЛ ЭС ГЭДЭГ

Энэ төрлийн эсийг ясны чөмөг, өөхөн эд зэргээс ялган авах боломжтой

  • Олигопотент эс

Цөөн хэдэн төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Юнипотент эс

Өөрөө өөрийгөө хувилан олшруулах болон 1 төрлийн эс болгон ялгаран хөгжих чадвартай эс

Цуврал...