|

“Арван улиас” хоршоо байцааны 5 төрлийн сорт бий болгожээ

Улсын тэргүүний тариаланч Н.Булгаа 2000 онд ах, дүү нарын хамт хүнсний ногоо тарих, дахин боловсруулах, хадгалах, бизнес эрхлэх зорилгоор "Арван улиас” хоршоо байгуулжээ. Тус хоршоо байнгын таван ажилтантай бөгөөд хавар, намрын улиралд орон нутгийнхаа 10 орчим хүнийг түр ажлын байраар хангадаг аж.

Тус хоршооны хамт олон хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, шинэ сортын элит үр тарих замаар га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахын зэрэгцээ дараа жил тарих ногооныхоо үрийг өөрсдөө гарган авч байна.

Нийт хоёр га талбайд тариалалт хийдэг бөгөөд талбайн 30 хувьд улаан лооль, 50 хувьд байцаа, бусад хэсэгт салатны навч, яншуу, бууцай, брокли, хулуу зэрэг олон нэр төрлийн хүнсний ногоо тарьж байна. Ингээд жилд 50-60 тонн хүнсний ногоо хураан авч, Ховд аймаг төдийгүй, Завхан, Говь-Алтай аймаг, Уланбаатар хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм. 

Хоршооны дарга Н.Булгаа 40 гаруй жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Тэрбээр санаачлан таван төрлийн сортын байцаа, 12 төрлийн улаан лооль тарьж, үр үржүүлэх замаар орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулсан гэлээ.

Байцаа, улаан лооль тарихад арчилгаа их шаарддаг. Хөрс, бордоо, усалгаа, арчилгааны горим алдагдсан тохиолдолд хүнсний ногоо ургахгүй байх эрсдэлтэй. Тиймээс ногоо тарихдаа газрын хөрсний онцлогийг харгалзан арчилгаа, усалгааг зүй зохистой хийх нь чухал гэж тэрбээр онцлон хэлэв.

Мөн ногоо тарихад  үр, үрсэлгээ гэдэг зүйл маш чухал үүрэгтэй. Сайн чанарын сортын үр ашигласнаар чанартай хүнсний ногоо хураан авах, зарж борлуулах боломж нэмэгддэг. "Арван улиас” хоршоо энэ жил билрус 85, слава, 455  зэрэг таван төрлийн сортын үр ашиглан байцаа тарьсан.

Байцааны хэмжээ том, жижиг олон янз байдаг. Тэр нь талбайн хөрсөнд хийсэн бордооноос шалтгаалахгүй. Харин ямар сортын үр ашигласнаас шалтгаална. Энэ жил тус хоршооны тарьсан байцаа хамгийн том нь 13-14 кг байсан. Энэ бол 455 сорт ашигласнаар ийнхүү том байцаа ургасан хэрэг. Химийн бордоо огт ашиглаагүй. Сайн сортын үр ашиглаж, арчилгаа, усалгааг зөв горимын дагуу хийснээр ургац их авах бүрэн боломжтой хэмээн ярив.

Хоршооны зүгээс ногоо тарих ажилд нэг техник ашигладаг бөгөөд ихэнх ажлыг гар аргаар гүйцэтгэж байна. Цаашид орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах, улмаар үрсэлгээ суулгах автомат машинтай болохыг зорьж байна гэж "Арван улиас” хоршооны дарга Н.Булгаа мэдээллээ. 

Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй тариалан эрхлэгч байна гэсэн судалгаа бий. Тэд бүгд төмс, хүнсний ногоо тариалдаг ч цөөхөн хэдэн ногоочид хоршоо байгуулж, өөр өөрийн гэсэн онцлог, давуу тал, хөдөлмөрлөх ур чадвараа харуулсан шинэ сортын жимс, ногоо тарьж ургуулан туршиж байгаа юм. 

Н.Лхагва