|

УИХ 1.3 их наяд төгрөгийн орлого дутахгүй байх хуулийн зохицуулалтыг хийж чадах уу

УИХ 1.3 их наяд төгрөгийн орлого дутахгүй байх хуулийн зохицуулалтыг хийж чадах уу

 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон. Ингэснээр улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлээд байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төсөв нэг ч төгрөгөөр тасрахгүй гэдгийг хэлж байна.

Тэгвэл УИХ ажлын хэсэг гаргаж, хууль боловсруулаад байна. Энэ хууль нь 1.3 их наяд төгрөгийн орлого  дутахгүй байхаар зохицуулагдах аж. Тодруулбал, Цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр  тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна.

Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Улмаар өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар байнгын хорооны дэмжлэгийг хүлээсэн юм. Гэвч чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж хойшлуулаад байна. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Харин үүнээс өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн батлаж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна.


П.ГОО
Оллоо.мн