|

Чойжин ламын сүм музей Берлинд үзэсгэлэн гаргав

Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, Чойжин ламын сүм музейн "Хот мандал- Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг ХБНГУ-ын Берлин хотын Үндэсний номын санд нээжээ.

Үзэсгэлэн энэ сарын 26-наас 12 дугаар сарын 31 хүртэл гарна. Үзэсгэлэнг Германы соёл урлагийн зүтгэлтэн, монгол судлаач эрдэмтэн, Германд сурч байгаа оюутан, ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл үзэж сонирхжээ. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Д.Ганбат, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газрын захирал М.Каун нар мэндчилгээ дэвшүүлсний дараа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд болон Чойжин ламын сүм музейн удирдлага, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газраас илтгэл тавьж хэлэлцүүлэв. Нэрт монгол судлаач  Удо Баркманн болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй герман оюутнууд, залуу эрдэмтэд судлаачид, мөн Монголыг сонирхдог герман иргэд Берлин, Бонн, Лайпциг, Тюбинген зэрэг хотоос ирж санал бодлоо солилцсон байна.


 
Ж.Батсайхан