|

Түүхээ хайрласан Туркчүүд, газраа булаалдсан Монголчууд

Туркчууд үерийн аюулд өртөх эрсдэлтэй эртний хот Хасан кэйфт оршиж байсан, 600 гаруй жилийн түүхийн дурсгал бүхий Эр-Ризк сүмийг "Хасан кэйф" соёлын цэцэрлэгт хүрээлэн рүү дөрвөн км газарт нүүлгэсэн мэдээ өчигдөр сошиалд жинхэнэ "гангарав”.

Тухайн сүм 1700 тонн жинтэй ч тэрхүү сүмийг өөрөө явагчаар аядуухан зөөж байгаа зургийг хараад "Тэгэхэд манайх яалаа. 1950-иад оны эхээр баригдсан 60 гаруй жилийн настай барилгаа элдэв акт, дүгнэлт энэ тэр гэж мяалсаар араас нь эхлээд хулгайгаар нурааж эхэлсэн” гэж өөрийн эрхгүй бодогдов...

Зөвхөн эндээс харахад сэтгэлгээ, сэтгэлийн асар том ялгаа байна. Улс орноо хөгжүүлнэ гэдэг нь нурааж шинээр барихын нэр биш гэдгийг Туркчүүдээс харж болно.

Гэтэл манайхан Байгалийн түүхийн музейгээ нураагаад суурин дээр нь их эзэн Чингис хааныхаа музейг байгуулахаар газрыг нь булааж авчихаад  Байгалийн түүхийн музейгээ Их тэнгэрийн ам руу байгальтайгаа ойр байг гээд цөлж орхисон. Доторх үзмэр, эд хогшлыг нь татан буулгах тогтоол гарчихсан Батаарын музей рүү зөөчихсөн гэж байгаа.

Энэ үйлдлээс нь харахад "Байгалийн түүхийн музей дахин босохгүй байх” гэх хардлага төрж байгаа юм. Яагаад гэвэл татан буугдсан Батаарын музей нэг л өглөө бас байхгүй болчихвол үзмэрүүдийг хэнээс, хаанаас нэхэх вэ.

Улс орнууд эх түүхээ ингэж хайрладаг юм байна. Харин монгол дарга ингэж шунадаг юм байна. Түүхээ хайрласан туркчүүд, газраа булаалдсан монголчуудын хооронд газар тэнгэр шиг ялгаа байна даа, хөөрхий.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn