|

Дарханы эмэгтэйчүүдийн холбоо сайн үйлс дэлгэрүүлж байна

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо 2019 оны шинэ жилийн баярыг хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулахгүйгээр "Архигүй баярын ширээ” уриалга дор "Сайн үйлсийн аян” өрнүүлж Дарханыхаа ирээдүй болсон бяцхан үрсдээ болон залуу гэр бүлд тусламжийн гараа сунгаж байна.
Тус санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дэмжиж гэр хорооллын айл өрхүүдийг байшин сууцаа дулаалахад нь тусалдаг "Монгол Базальт” ХК-ийн "Дулаан аян" төсөлд холбож өгсөн аж.

Улмаар "Монгол Базальт" ХК-ийн дахин дулаалгын бригад Дархан хотноо ажиллаж Дархан сумын 15 дугаар багт амьдардаг нэгэн залуу гэр бүлийн байшингийн дулааны алдагдлыг 100% зогсоон, яндангүй, цахилгаан халаалтын шийдэлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, Базальтвүүл чулуун хөвөн дулаалгатай загвар байрыг гүйцэтгэж дуусгажээ.

Байшингаа дулаалах замаар түлшний хэрэглээгээ багасгах нь агаарын бохирдлыг бууруулахад оруулж буй хувь нэмэр юм. Иймд энэ ажлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор манай компани ажиллаж байна хэмээн "Монгол Базальт" ХК-ийн инженер Б.Цогт –Эрдэнэ тайлбарлав.

Мөн энэхүү сайн үйлсийн аяныг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийнхан дэмжиж, тус айлын цахилгааны монтажийг иж бүрэн шинэчилж өгчээ. Л.Ариунболд О.Мөнх-Эрдэнэ нар энэ байшингаа 11 жилийн өмнө Хабитатын төслөөр авч байсан бөгөөд энэ хугацаанд засвар хийж чадахгүй явсаар өнөөг хүрчээ. Өвөлдөө их хүйтэн өдөртөө 2 шуудай нүүрс түлээд ч сайн халдаггүй болохоор хүүхдүүд маань даараад өглөө орноосоо босч чадахгүй их зутруу байсан. 2019 оны шинэ жилийн баяраар мөрөөдлөө биелүүлж дулаахан байшинтай болж байгаад маш их баяртай байна гэж гэрийн эзэгтэй О.Мөнх-Эрдэнэ ярив.

Ийнхүү Ц.Ганчимэг тэргүүнтэй аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгыг дэмжсэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран "Монгол Базальт” ХК, "Дархан сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК хамтран ажиллажээ.

Л.Отгонбаатар