|

Австралийн ойн түймрийн нөлөөгөөр Шинэ Зеландын уулсын мөнх цаснууд шарлажээ

Австрали улсад шатаж буй ойн түймрийн нөлөөгөөр хөрш Шинэ Зеландын уулсын цас, мөсөн дуулгууд өнгөө алдаж, шарласан тухай албаныхан мэдээлжээ.

Мөн түймрийн нөлөөгөөр уулсын мөнх цасан оргилууд төсөөлж байснаас 30 хувиар илүү хурдтай хайлахаар байгааг тогтоосон байна.

Шинэ Зеландад одоо 3,000 гаруй мөнх цастай уулс байдаг ба 1970-аад оноос хойш цас мөсний эзлэх талбай гуравны нэг орчмоор хоргоджээ. 

Энэ хэвээр үргэлжилбэл 21 дүгээр зууны төгсгөлд бүрэн хайлж дуусах юм.

Харин одоо Австралийн эх газраас үзүүлж буй гал түймрийн нөлөөллийн улмаас энэ хурд улам эрчимжихээр байгаа гэнэ.

Австралиас ирсэн утаа, хөө тортог мөнх цасны тод цагаан өнгийг бууруулснаар нарны гэрлийг ойлгох чадвараа алдаж, хайлах үйл явц нь түргэсэх юм.

Шинэ Зеландын хамгийн том хот Окландын оршин суугчид болон тус улсын хойд арлын олон иргэд өнөөдөр өглөө сэрээд ер бусын улбар өнгөтэй нар мандахыг ажиглажээ.

Энэ нь Тасманы тэнгисээр тусгаарлагдсан 2,000 км орчим зайтай Австралийн эх газраас ирсэн түймрийн утааны нөлөө байв.

Эх сурвалж: The Guardian

Э.СЭМҮҮН, IKON.MN