|

Баян тарганаараа гайхуулж сагасан баячуудын хүүхдүүд хэмээгчдийг нийгэм хавчих хэрэгтэй байна

Сая шинэ жилийн үеэр нийгмийн сүлжээнд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, "МАК”-ийн эзэн Б.Нямтайширын охин Цэлмүүн, "Гацуурт”-ын Л.Чинбатын охин Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нарын залуучууд Арабын баян орнуудаар амарч зугаалж байгаагаа гайхуулж инстаграм, фэйсбүүктээ алтан шаргал хувцас өмсч, тансаг зочид буудалд буусан зургуудаа оруулж гайхууллаа.

Дэлхийн баячуудын очдог Мароккогийн Вант улсын Марракеш хотын дээд зэрэглэлийн "Royal Mansour” зочид буудлын тансаг өрөө, алтан шаргал өмсгөл зэрэг нь Улаанбаатарын хөлдүү гудамжинд амьдралаа хүргэж ядаж яваа залууст маш хүнд хэцүү туслаа. Тэдний баян байгаа нь биш, харин баянаа гайхуулж ёс зүйгүй авирлаж байгаа нь өөрөө асуудлыг хүндрүүлж байгаа юм. Ялангуяа хүн бүр гар утастай, фэйсбүүк, инстаграм ашигладаг болсон өнөө цагт тэдний энэ үйлдэл нь нийгмийг хагаралдуулах дөхлөө. Иймэрхүү л үйлдлээс улбаалж, "Хөлдүү төмс” гэдэг наргиантай юм боллоо шүү дээ. "Брэнд гэж байдаг юм байна, тэрийг хэрэглэмээр, өмсмөөр байна” гэж нэхсэн. Тэрийг нь авч өгөх мөнгө нөхөрт нь байхгүй, сүйд болохоо дөхсөнийг хүмүүс фэйсбүүкээс харсан. Энэ нь наанаа наргиан наадам мэт харагдаж байгаа ч цаанаа бол эмзэг сэдэв. Уг бичлэгт гарсан хос эвлэрч, нэхсэн юмыг нь ч нөхөр нь авч өгсөн байх. Гэтэл ингээд худалдаад аваад өгч чадахгүйгээсээ болоод гэр бүлүүд салж сарниж, нийгэм хагаралдах тохиолдол өчнөөнөөрөө байна. Гэр бүл бол нийгмийн жижиг нэгж ч гэлээ өөрөө бие даасан нийгэм юм. Тэр жижиг нийгэм ийм юмнаас болж хагардаг. Ийм байсаар байтал эцэг эхийнхээ буянаар сагасан энэ хүмүүс эд юмсаараа гайхуулдаг үйлдлээрээ нийгмийн маш хөндүүр цэгийг үргэлж дарж байна.

Япон, Солонгос зэрэг Азийн бар орнуудад баячууд нь хүүхдүүдээ машид нууцалдаг. Хэрвээ үр хүүхдүүдийг нь баян хүний хүүхэд гэж нийгэм нь мэдвэл гадуурхаж, анги, хамт олон, сургуулийн алив арга хэмжээн дээр зардлаа даалгадаг гэх зэргээр шоовдорлодог. Бүр үүнийг нь томьёолсон нэршил ч бий. Тиймээс Азийн баячууд хүүхдүүдээ нийгмээс ямагт нууцалдаг.

Харин Америкийн баячуудын хувьд хүүхдүүдээ олон нийтээс нуух юм уу эсвэл бүр нийтэд ил гаргаад зарлачихдаг. "Энэ миний хүүхэд. Би хүүхдэдээ ямар ч мөнгө өгөхгүй шүү. Тиймээс энэ хүүхэд жирийн хүүхдүүдийн адил эгэл амьдралаар амьдарна” гэж нээлттэй зарлаад барьцаалах элдэв төрлийн гэмт хэрэг гарахаас сэргийлж, тусдаа амьдруулж "Хэрвээ манай хүүхдийг барьцаалвал би ганц ч доллар өгөхгүй шүү” гэж шударга хэлдэг. Энэ бүхэн бол хүүхдэд нь нийгмээс ирэх дарамтнаас хамгаалсан арга. "Чи наад хүүхдээрээ оролдоод нэмэргүй ээ. Хэдийгээр миний хүүхэд ч гэлээ, би наадахад чинь юу ч өгөхгүй. Наадахдаа долигоноод ч хэрэггүй. Дээрэлхээд бүр ч хэрэггүй” гэсэн ойлголтыг нийгэмд өгчихдөг. Улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд ч ялгаагүй үр хүүхдээ энгийн амьдралаар өсгөдөг. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама охиноо зөөгч хийлгэж, хэрэглээний мөнгийг нь өөрөөр нь олуулдаг гээд бод л доо. Яагаад вэ гэвэл хүүхдээ нийгмийн дарамт, шахалтаас хамгаалж байгаа хэлбэр. Гэтэл Монголд энэ бүхэн эсрэгээрээ. "Би тэр баяны хүүхэд байна” гэж гайхуулна. Тэрэнд хүн болгон долигонож, дагаад сүйд болно, ихэнх нь атаархаад нийгэмд буруу суртал явдаг. Баян тарганаараа гайхуулдаг баячуудын хүүхдүүд эргээд нийгэмд маш том зовлон болж харагддаг. Жирийн иргэдийн нүдэнд тэд нийгмээс, өөрсдөөс нь хол тасарчихсан баячууд харагдаад байдаг. Баячуудын хүүхдүүд тэгэхээс тэг гэсэн шиг юм болгоноороо уралдаж гайхуулдаг.

Дээр нэр дурдсан дөрвөн хүний хувьд бол ингэж гайхуулах нь үнэхээр илүү зан байлаа. Залуу хүмүүс ч биш. 40 гарчихсан юмнууд баян тарган, бололцоо боломж, алт, мөнгөөрөө гайхуулах нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Тэгээд ч энэ хүмүүс нийгэмд хариуцлагатай алба хашдаг хүмүүс шүү дээ.

"Гацуурт”-ын Л.Чинбатын охин, хүргэн хоёр "Mongol HD” телевизийн захирал, соён гэгээрүүлэх ажил хийдэг улс. Б.Баттүшиг Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай, Н.Цэлмүүн "МАК” гэж том группийн ерөнхийлөгч, дээрээс нь нийгэмд хөрөнгө оруулдаг "Шарк танк” нэвтрүүлгийн гол хүмүүсийн нэг. Ийм алба хашдаг хүмүүс эд хогшил, баян тарганаараа гайхуулж байгаа нь нэгдүгээрт, инээдэмтэй байна. Хоёрдугаарт, эд нарын гайхуулдаг юм гэж ер нь юу байдаг юм бэ. Эд нар хөдөлмөрөөрөө ийм их хөрөнгөтэй болсон юм уу?!

Эцэг эхийнх нь л хөрөнгө. Тэгвэл эцэг эх нь яаж хөрөнгөжсөн юм бэ. Социализмын үед төрд хашиж байсан албан тушаалаа ашиглаж л нийтийн баялгаас түрүүлж хумсалж, түрүүлж хөдөлж л энэ их хөрөнгөө цуглуулсан шүү дээ. Муугаар яривал луйварчин, луйвардсан эд хөрөнгө гэж хэлж болохоор.

"МАК” уул уурхайн компани. МАК-ийн эзэн, Цэлмүүний аав Б.Нямтайшир Нийгмийг аюулаас хамгаалах яам буюу НАХЯ-нд уул уурхай хариуцсан албан тушаал хашдаг байсан. Тийм албан тушаал хашиж байгаа хүнд уул уурхай, лицензтэй холбоотой бүх нарийн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл байгаа шүү дээ. Тэр мэдээллээ ашиглаж л түрүүлж хөдөлж, хүрз гишгэхэд л дороос нь баялаг ундрах орд газруудыг олж авч хөрөнгөжсөн хүн. Ийм байхад юуг нь гайхуулдаг юм. Шударга нийгэмд ингэж албан тушаалаа ашиглаж, ард түмний мөнгөөр хайгуул хийгээд уурхайнуудыг нь хувьдаа эзэмшиж байгаа хүнийг гэмт хэрэгтэн гэж л үзнэ.

Сү.Батболд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд Югослав, баруун Европыг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байсан. 1980-аад оны эхнээс л монголчууд олон улсын стандартад нийцсэн зочид буудалтай болцгооё гэсэн санал санаачилга гаргаж, 1986 онд Улс төрийн товчооны тогтоол гарч, 1987 онд "Чингис хаан” зочид буудлын барилгын ажил эхэлж, югословчуудаар бариулсан байдаг. Гэтэл Европ төдийгүй Монголд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдаж, уг барилгын ажил зогсоход энэ чиглэлээр төрд алба хашиж байсан туршлага, танил талаа ашиглаад хувьчлаад авчихсан хүн нь Сү.Батболд. Үүнийг гайхуулаад байх ч юм биш. Ийм замаар л эд хөрөнгөтэй болсон хүмүүсийн хүүхдүүд гэхэд хөгшидөхөөр юмнууд баян цатгалан байгаагаа гайхуулж, нийгмийн бухимдлыг улам дэвэргээд байна.

Монголын нийгэм эд нарыг харж бухимдахынхаа оронд эд нарыг хавчдаг баймаар байна. Байранд нь тавьдаг баймаар байна. Эд нар ямар хөдөлмөрөөрөө баяжсан юм биш. Эд цөөхөн, нийгэмд ийм гэр бүл 30-аадхан бий гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Тэгэхээр олонх нь цөөхнөө уусгадаг, дарамталдаг хүний нийгмийн бичигдээгүй хууль, бас жам бий. Тэр жамыг дагая. Худал, үнэн хэлж олсон хөрөнгөө нууж амьдарч чадахгүй, нийгмийг хагаралдуулаад байдаг юм бол бид энэ гайхуулагчдыг хавчдаг болъё. Эдэнд долигонох юу байгаа юм. Аль ч нийгэмд олонх нь ийм үл бүтэх гайхуулагчдыг хавчдаг учраас тэд нуугдаж, далд амьдарсаар ирсэн. Мафийн бүлэглэл, эсвэл социализмын үед гудамж, орцонд байдаг байсан атаманууд өмссөн зүүснээрээ гайхуулдаг баячуудын хүүхдүүдийн энэ байдлыг болиулах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид бас тайван амьдармаар байна.

Д.Гансаруул 

Эх сурвалж: Өдрийн сонин