|

Д.Дорлигжав Т.Ганболд нартай холбоотой асуудал юу болов

Жилийн өмнө Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав баривчлагдаж шуугиан дэгдээсэн. Тодруулбал, "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд телевизд өгсөн ярилцлагадаа "Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая доллар өгсөн” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Д.Дорлигжав мөн ярилцлага өгч, "Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, 4 сая доллар нэхэмжилнэ” хэмээн мэдэгдсэн ч түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-ны өдөр баривчилсан юм.  Улмаар Д.Дорлигжав дүүгийн хамт багагүй хугацаанд хоригдож батлан даалтад гарсан байдаг. 

Гэвч жил тойрсон уг асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа явж талаар тодруулахад "Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү Д.Дорлигжав нь Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа их хэмжээний хахууль авсан эсэх асуудал нь шийдэгдэхгүй дуншсаар байна. 

Энэ зуур  Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд "Монголын Үндэсний Сэргэн Мандалт” хэмээх улс төрийн нам байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлээд амжиж. Улсын дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа Монголын Үндэсний Сэргэн Мандалтын намыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Т.Ганболд өмнө нь Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-д гишүүнээр элсэж, удирдлагын түвшинд ажиллаж байсан билээ. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn