|

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

 

Монгол улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9 –ий өдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3040 өрх санамсаргүй түүврийн аргаар сонгогдож ирснээс хамгийн өндөр настай нь Хонгор сумын 2 дугаар багийн иргэн 99настай Баянбилигийн Долзодмаа гуай байна. Иймд уг тооллогыг хамгийн өндөр настай иргэнийхээ гэрээс эхлүүлж, Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан батламжийг нь гардуулав.

2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын онцлог нь анх удаа бүртгэлийн болон уламжлалт мэдээлэл цуглуулах аргыг хослон хэрэглэх юм. Энэ удаагийн тооллого нь 100 хувь бүртгэлийн хэлбэрээр явагдах бөгөөд нийт өрхийн 10 хувийг уламжлалт аргаар гэрт нь тоологч очиж мэдээллийг цаасаар цуглуулан, хяналтын тооллого хийх юм байна.

Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ажээ.

Хүн ам, орон сууцны тооллого 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулахаар ажиллаж байна.

Хүн ам, орон сууцны тооллоготой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс тоологч, шалгагч нарыг хамруулсан сургалтыг энэ сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Манай аймгийн хэмжээнд энэ тооллогод 42 тоологч, 12 шалгагч ажиллана.