|

Дэд сайд асан охиноо энэ удаа хэргээс мулталж чадах уу!!!

-Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой-
Эрх мэдэл, албан тушаалтнуудын хүүхдүүд ямар ч гэмт хэрэгт холбогдсон цэвэрхэн мултардаг байдал өнөөгийн нийгэмд бий болсоор удлаа. Нэгэнт буруу эрхлүүлсэн бол хуулийн хариуцлагаас хичнээн мулталсан ч ухамсарын хувьд өөрчлөгддөггүй гэдгийн баталгаа нь Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатараар батлагдаж байна.
Түүний охин Б.Мөнхзулыг хар тамхи хэрэглэсэн хэмээн хэсэг залуусын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг "Viva city” хороолол орчимд байрладаг зочид буудлаас өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт баривчлан саатуулсан тухайг бид өчигдөр мэдээлсэн.

Дэд сайд асны охин Б.Мөнхзулын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа юм биш. Өмнө нь буюу 2015 онд мөн л хар тамхины хэргийн улмаас 192.2, 192.3, 192.4, 192,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Тухайн үед ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн тусгэй ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн хүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Ингэхдээ олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүллээ хэмээж байсан нь тэдний хувьд анхны үйлдэл биш гэдгийг бататгана. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч нөлөө бүхий эрхмүүд хүүхдүүдээ нэг нэгээр нь сугалж авсаар хэргийг чимээгүй болгож байсан түүхтэй. Тэгвэл төрд гайгүй гэсэн албан тушаалыг ээлж дараалан хашсан Т.Болдбаатарын охин дөрвөн жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдож эцгийнхээ буянаар хэргээс мултарсан ч энэ удаа эцгийн болон эрх мэдлийн хайр хишгийг хүртэж чадахааргүй болов бололтой. Учир нь Б.Мөнхзул хэсэг этгээдүүдийн хамтаар мөс буюу метам фетамин гэх бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон аж.

Яг үнэндээ ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн бүртгэлд УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын хүүхдүүдтэй холбоотой олон хэрэг байдаг ч энэ удаа ил болж мэдэгдсэн нь л дэд сайд асны охин болохоос биш "дарга” нарын гэх тодотголтой олон хэрэгт хөрөнгө, мөнгөгүй, арыг нь даах "том” эцэг, эхгүй хүүхдүүд ял үүрч үлддэг тухай мөрдөн байцаагчид ярьж байв.
Үүний тод жишээ нь Т.Болдбаатар Эрүүл мэндийн дэд сайд байхдаа 2015 онд охиноо хэргээс мулталж, хамт шалгагдаж байсан хүмүүс нь нь хуулийн хариуцлага хүлээж байснаар батлагдана. Гэвч тэр үед Т.Болдбаатар охиноо аварч чадсан ч хүмүүжил, ухамсарт нь анхнаасаа анхаараагүй учраас өнөөдөр дахиад л хар тамхины хэрэгт холбогдож байгаа нь энэ.

Оюутан ахуйгаасаа буюу дөнгөж 21-хэн настай охин хар тамхины хэрэгт холбогдсоныг тухайн үед олон нийт аавынх нь эрхэлдэг бизнестэй ч холбож байсан. Энэ нь ч хууль, хүчний байгууллага нарийвчлан шалгахад гэмгүйг харуулах биз. Учир нь Т.Болдбаатар эм ханган нийлүүлдэг "Торгон Туул” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл үйл ажиллагааг нь хариуцаж, зохицуулж, ашгийг нь хүртсээр ирсэн. Эмийн бизнес нь нөгөө талд талдаа хар тамхины хэрэгт холбогдогчдын хувьд хамгийн боломжит "цэг” нь.

Хуулийнхан ч хар тамхины хэрэгт холбогдогчид гадаадаас эм оруулж ирдэг байгууллагад танил талтай эсвэл аль нэг байгууллагын эмийн импорт хариуцсан мэргэжилтэнтэй холбоотой байдгийг анзаарсан гэдгийг нэгэн ярилцлагын үеэр дурдаж байсан. Тиймээс дэд сайд асны эмийн бизнес охиныгоо хар тамхинд донтуулав уу гэх хардлага ч байна.
Тиймээс хууль хяналтынхан дэд сайд асны эмийн бизнесийг шалгаад үзвэл гэмгүй бололтой.

Т.Болдбаатар охин Б.Мөнхзултайгаа бүхий л ажлаа хамтран хийж, гүйцэтгэдэг байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь 2015 оны 10 дугаар сард Б.Мөнхзул хар тамхины хэрэгт холбогдож, эцгийнхээ эрхэм алдраар мултарсныхаа дараа 11 сард нь мөн л олны анхаарлыг татаж байсан тухайг хэвлэлүүд ингэж шуугиж байсан юм. Тухайн үед шинэ төмөр замын 42 сая ам.доллар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний "баруун гар” Б.Батзаяа нарын данс руу орсон хэмээн хууль хүчнийхэн шалгаж байсан. Тодруулбал "Шинэ төмөр зам” төслийн шугамаар "Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон Тэдний дунд дэд сайд асны охин Б.Мөнзулын нэр бүхий дансны дугаар цохиж явсан тухайг хэвлэлүүд онцлож байв.

Ямартай ч АН-ын угшилтай автомашины дугаар үнэтэй байх үед АТҮТ-ийн дарга гэх том албан тушаалыг хашиж байсан Т.Болдбаатар тэр үеэс л эхэлж өөрийн бизнесээ цэцэглүүлж мөнгөлөг нэгэн болсон гэдгийг намынх нь нөхдүүд ч ярьдаг юм билээ. Энэ бүхнээс харахад дөнгөж 21 настай, оюутан охины мэдлийн дансанд их хэмжээний мөнгө эргэлдэх нь хүссэнээ хийх боломжийг ч олгож байсан юм билүү хэн мэдлээ. Тиймээс Т.Болдбаатар гэх эрхэм түр зуурдаа улстөрөөс хөндийрч өөрийн охиндоо анхаарал тавьж чимээгүй цагаан тахлаас охиныхоо амь насыг аварвал зохилтой биз дээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn