|

Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

Герман улс 2038 оноос эхлэн хүрэн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахаа болих шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Германы засгийн газар тус улсын нүүрсээр баян Умард Рейн-Вестфаль, Бранденбург, Саксон зэрэг мужуудын удирдлагууд, уурхайнуудтай $40 гаруй тэрбумын нөхөн олговрын гэрээ байгуулжээ.

Герман улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлээ бууруулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулахаар болсон нь эдгээр мужуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон байна.

"Дэлхийн хамгийн хүчирхэг аж үйлдвэржсэн орнуудын нэг Герман улс өнөөдөр нүүрсний эрин үеэс салах томоохон алхам хийлээ” гэж Германы сангийн сайд Олаф Шольц хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Ингэснээр Герман улс нүүрс болон цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдсэн дэлхийн анхны улс болж байна.

Бүр 1950-аад онд байгуулагдсан хамгийн хуучин цахилгаан станцуудыг энэ онд багтааж хаахаар төлөвлөжээ.  Энэ мэтээр ирэх 18 жилийн хугацаанд нийт 29 нүүрсээр ажилладаг станцуудыг хаах юм.

Станцуудыг хаах болсонтой холбоотой эдийн засаг нь муудах бүс нутгуудад Берлинээс 40 тэрбум еврогийн нөхөн олговор олгох ажээ. Мөн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх компаниудад 4.35 тэрбум еврогийн татаас олгохоор болсон байна.

Герман улс чулуун нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ төлөвлөгөөнд одоо хүрэн нүүрс нэмэгдэж байна.

Герман улс өөрөө хүрэн нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлдэг юм.

Одоо тус улсын эрчим хүчний 19 хувийг хүрэн нүүрснээс гаргаж авдаг. Хүрэн нүүрс нь илчлэг багатай, ихээр шатааж эрчим хүч гаргадаг тул агаарыг хамгийн их бохирдуулдаг гэж үздэг юм.

Эх сурвалж: Reuters

Э.СЭМҮҮН, IKON.MN