|

Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

Монгол Улс 13 яамтай. Түүний нэг нь Зам, тээврийн хөгжлийн яам. Энэ яам өмнө нь Дэд бүтцийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам зэргээр нэршлээ хэдэнтээ сольж ирсэн байдаг.

Мэдээж энэ нь Засаг солигдох бүрт өөрчлөгдсөн нэршил. Ерөнхийдөө энэ яам бол Монгол Улсын дэд бүтцийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Зам, тээврийн салбарын хөгжил энэ яамтай шууд холбогдоно. Зам дагаж хөгжил гэдэг учраас зам, тээвэр хэр сайн хөгжинө тэр хэрээр улс орны хөгжил урагшилж байдаг.

ТАЛИЙГААЧ С.ЗОРИГООС Т.ГОМБОСҮРЭН ХҮРТЭЛХ АЛЛАГЫН ХЭРГҮҮД

Тэгвэл манай Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гэхээс илүү рецедив гэмт хэргийн "хөгжлийг" урагшлуулдаг яам болж хувирлаа. Зөвхөн өнөөдөр яригдаж байгаа газрын дарга нарын зодооноос үүссэн хүн амины хэрэг, авлигын хэргүүдээр л ингэж ярьсан юм биш. Эртнээс энэ яам зартай байсан.

Эдүгээ хуулийнхан 22 жилийн турш мөрдөж байгаа улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг манай улсын гэмт хэргийн ертөнцөд гарсан аймшигт аллагуудын нэг. С.Зориг алагдахаасаа өмнө Дэд бүтцийн сайдын албыг хашдаг байв. Түүний дараах Дэд бүтцийн хөгжлийн сайд бол Г.Батхүү байв.

Тэрбээр өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан. Түүний нас барсан хэрэг одоо ч маргаантай хэвээр байгаа. Гэр бүл, хамтран зүтгэгчдийн зүгээс энэ явдлыг аллага байсан гэж дуу нэгтэй хэлдэг. Одоо ч энэ хэргийг нэг талд нь шийдвэрлээгүй байгаа нь олон түмэнд эргэлзээ төрүүлдэг. Энэ яаманд удирдах алба хашиж байсан хүмүүсийг тойрсон аллагын хэрэг ингээд зогсохгүй.

Одоогоос хоёр жилийн өмнө Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалын гарт амиа алдсан хэрэг дуулиан тарьсан юм.

Газрын дарга нар төрийн яаман дотроо муудалцаж, нэгнийгээ хөнөөх хэмжээнд хүрсэн учраас нийгэм цочирдсон хэрэг. Хэрэгтэн тодорхой уг хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй. Шүүх хурал хэдэнтээ хойшилсоор, одоо бүр эргээд мөрдөн байцаалтад шилжчихсэн яваа.

Үнэхээр дээрх хүн амины хэргүүдийг харахад санамсаргүй байдлаар хүний аминд хүрчихэж гэхээс илүү санаатай, зохион байгуулалттай хядлага гэмээр. С.Зоригийн аллагыг монголчууд мэднэ. Талийгаач Т.Гомбосүрэнг ч мөн тарчлаан зовоож алсныг тухайн үед бид мэдээлж байсан. Яамны хамт ажиллагсад нь дэргэд нь харж зогссоор нэгнийгээ хөнөөлгөсөн аймшигт хэрэг юм.

САЙД, ДАРГА НАР НЬ АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДСААР...

Тэгвэл авлига, албан тушаалын хэргүүдээрээ ч Зам, тээврийн хөгжлийн яам зартай. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамаар л хаяглагддаг болчихоод байна.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар овоглодог Гашуунсухайт-Таван толгой чиглэлийн 267 км төмөр зам бүтээн байгуулах төсөлтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг өнгөрсөн хоёр, гурван жил том сенсааци байв.

Энэ хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Зам, тээврийн сайд асан А.Ганхүү, Монголын төмөр зам ТӨХК-ийн удирдлагууд зэрэг яам тойрсон олон албан тушаалтан холбогдож байв. Чингис бондын хөрөнгөөс 197 сая ам.доллар зарцуулагдсан уг төсөл одоо овоолсон шороо болж үлдсэнийг монголчууд мэднэ. Энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй өдийг хүрч буй.

Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хэрэг ингээд дуусахгүй. Яг одоо АТГ дээр яллагдагчаар татагдаад байгаа сайд бол Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат. Тэрбээр төмөр замын хэргээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаанд холбогдон урт хугацаагаар шалгуулж буй.

Түүнийг өнгөрсөн оны дундуур цагдан хориод сулласан бол өнгөрсөн долоо хоногт дахин баривчилсан мэдээлэл байгаа юм. Учир нь түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн шалгах үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хилээр гарахыг завдсан учраас хилийн хориг тогтоогоод байсан юм.

Гэвч энэ сарын эхээр Замын-Үүдийн хилийн боомтоор хил нэвтрэхийг завдах үед хуулийнхан дахин саатуулсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлагууд зам, тээвэртэй холбоотой томоохон тендерүүдийг зарладаг, зөвшөөрөл өгдөг эрх бүхий төв байгууллагуудтай. Нэг ёсондоо маш их мөнгө эргэлддэг газар гэсэн үг. Тэр ч утгаар авлига, ашиг сонирхлын эрсдэл хамгийн өндөртэй, ийм хэргүүд ч олон гардаг болчихоод байгаа юм. Олон нийтэд ил болсон томоохон мөнгөн дүнтэй авлигын хэрэгтнүүд энэ яаманд ажиллаж байсан байдаг.

АТГ-аас тус яамны газрын дарга асан Р.Ононг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж, 644 сая төгрөгийн орон сууцыг нь улсын өмч болгон битүүмжилсэн тохиолдол бий. Мөн хэдхэн сарын өмнө олон нийтэд дуулиан тарьж, авлигын мөнгөө оймсноосоо гаргаж ирсэн бичлэгийн эздийн хэрэг энэ яамнаас эхлэлтэй.

Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг АТГ-аас ил болгосон юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг"Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байдаг.

Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсныг илрүүлсэн юм.

Замын барилга, ачаа тээврийн компаниудаас авлига авдгийг нотолсон дараагийн хэрэг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын хэрэг юм. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард АТГ-аас авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй хэмээн саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Хамгийн сүүлийн дуулианы эзэн Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын замын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын компаниас 20,000 юанийн авлига авсан гэх Х.Оргил-Эрдэнийн хэрэг юм. "Дархан-Улаанбаатар чиглэлийн замтай холбоотой авлига 20,000 юаниар хязгаарлагдахгүй, үүнээс ч их хэмжээний авлигын асуудал бий” гэж хуулийнхан онцолж байгаа.

Нэг ёсондоо олон түмэнд ил болсон хэргүүд л дээрх юм. Зам, тээврийн хөгжлийн яаманд үүрлэсэн хар муу хэргийн мөсөн уулын орой буюу нэг л хувийг нь монголчууд харж байна. Харин 99 хувийг монголчууд мэдэхгүй байгаа нь үнэн.

Хууль бус үйлдэл, албан тушаалаа наймаалж авлига авдаг явдал тус яаманд улам төгөлдөржиж, жил ирэх тусам нууц байдалд шилжсээр байгаа нь л ойлгомжтой байна. Түүний өчүүхэн хэсгийг л хуулийнхан барьж авч, олон нийтэд ил болж байна. Бүр ноцтой, хүний толгойд ч оромгүй мөнгөн дүнтэй авлигын хэргүүд далд байдлаар явагдсаар л байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг.

УРАГШИЛДАГГҮЙ ТӨСЛҮҮД

Уг нь төрийн яам салбарын бодлогоо зөв тодорхойлж, бусад яамдаасаа түрүүлж алхахыг хичээх ёстой. Тэр нь хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт, үр дүнгээр нь харагдах учиртай юм. Зам, тээврийн хөгжлийн яамны хэд, хэдэн том төсөл өнөөдөр гацаанд орчихсон байгаа нь харамсалтай. Үүний тод жишээ Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал юм.

Олон улсын зээл тусламжаар 2008 онд эхэлсэн тус нисэх буудлыг салбарын яамнаас "Яг энэ жил ашиглалтад орно” гэж жил бүр мэдэгдэж байсныг өнгөрсөн мэдээллүүдээс түүгээд харчихаж болно. 2018, 2019 онд жид дараалан хэлж л байж.

Өнөөдөр тус нисэх буудал ашиглалтад ороод амлаад байсан шиг түм бум бужигнасан газар болчихоогүй, хотын захад хоосон дүнхийж л байна.

Үүний бас нэг жишээ нь Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн 204 км замын барилга шинэчлэлтийн ажил. Сайдаасаа эхлээд нөгөө 20,000 юанийн эзэн Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл амтай бүхэн "Удахгүй ашиглалтад орно” гэсэн Дарханы замын ажил яагаа ч үгүй байгаад олон нийт бухимдсаар байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орно гэж улс даяар зарласан ч орж чадаагүй.

Дөнгөж хөрс хуулалт хийгдээд байгаа 204 км замыг ирэх зургаадугаар сард дуусгана гээд л Б.Энх-Амгалан сайд саяхан хэвлэлээр ярилаа. Зургаадугаар cap гэдэг барилга, бүтээн байгуулалтын эхний л үе. Гэтэл "Ашиглалтад оруулна аа л" гэсээр байна.

Замтай холбоотой бас нэг урагшилдаггүй төсөл зүүн чиглэлд бий. Олон жил яригдсан ч ажил хэрэг боЛдоггүй Таван толгойн нүүрс тээврийн зам. Хатуу хучилттай болгоогүйгээс олон арван ноцтой осол гарч жолооч нар амиа алдсан олон эмгэнэлт тохиолдол байлаг юм.

Уг нь Таван толгойн нүүрс тээврийн зам Зам, тээврийн хөгжлийн яаманд хамгийн их ашиг өгдөг талбар. Тээврийн компаниуд Тавантолгойн нүүрс зөөх эрх авахын төлөө ёстой л алалцдаг. Нүүрсний тээвэр хийх эрхийг Зам, тээврийн хөгжлийн яам өгнө. Бас л нөгөө авлигын хэргүүд энд цэцэглэсэн байдаг нь нууц биш болсон.

Ерөөс энэ яаманд онц байдал зарлахад хүрээд байна. Аль л аймшигтай аллага, албан тушаалаа наймаалсан ноцтой хэргүүд, урагшилдаггүй төслүүд энэ яаманд байна. Тийм биш гэж үү.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу