Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус газраас 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан 2020 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Тус байгууллагаас энэ онд нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, оролцоог нэмэгдүүлэхийг эрхэмлэн ажиллах бөгөөд мөн хүн амын дунд халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, хөдөөгийн хүн амд үзүүлэх явуулын амбулаторийн үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян, "Тэмбүүг устгая” аяныг үргэлжлүүлэх, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрагдалтыг 95%-д хүргэх, жирэмсэн эмэгтэйн эрт хяналтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний багц, стандарт, удирдамжийн хэрэгжүүлэх чанар үр дүн, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулан үйлчлүүлэгчдийн чирэгдлийг бууруулахад анхаарч ажиллах, Эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, бага насны хүүхдийн суурь өвчин, гүйлсэн булчирхайн эмгэгийг эмчлэх тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах, эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн цахим мэдээлэл, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг шинээр барих, өргөтгөх, Орхон ӨЭМТ-ийн өргөтгөлийн барилгыг бариулж ашиглалтад оруулах, тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх нэгжийг байгуулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд "Шилэн эмнэлэг II” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс сургууль, цэцэрлэгийн орчмын эрүүл ахуйн орчныг сайжруулахад эцэг эхчүүд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, үзлэг оношилгооны дарааллыг бууруулах бодит арга хэмжээ авах, цахимаар болон утсаар цаг авах ажиллагааг боловсронгуй байнгын ажиллагаатай болгох зэрэг олон саналыг гаргасан юм.
Эрүүл мэндийн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусган боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах юм.