|

ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустин анхны томилгоогоо хийв

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Холбооны зөвлөлд ээлжит илгээлтээ танилцуулсан билээ. Үүний дараа ОХУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн Д.Медведев Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн юм. Оросын төрийн тэргүүн Ерөнхий сайдад Татварын албаны дарга Михаил Мишустиныг санал болгосон. Төрийн дум өнгөрсөн пүрэв гаригт уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулжээ. Нийт гишүүдийн 383 нь М.Мишустиныг дэмжсэн бол 41 нь түдгэлзсэн юм.
Улмаар баасан гаригт ОХУ-ын шинэ сайд ажилдаа орсон. ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд үүрэгт ажлаа хүлээн авснаас долоо хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлсэн байх ёстой аж. Тэрээр анхны томилгоогоо өөрийн хуучин алба болох Холбооны татварын албаны даргаар Д.В.Еговорыг томилсноор эхлүүлжээ. ОХУ-ын хуучин ерөнхий сайд Д.Медведевийг Оросын төрийн тэргүүн Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар томилсон билээ. 
МИХАЙЛ МИШУСТИН ГЭЖ ХЭН БЭ? 
Бүтэн нэр нь Михаил Владимирович Мишустин. 1966 онд төрсөн, одоо 53 настай. Москвагийн Технологийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр дүүргэсэн, эдийн засгийн ухааны доктор цолтой. М.Мишустин сүүлийн арав гаруй жил Холбооны татварын албыг толгойлж байв. Тэрбээр "Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг нэвтрүүлэх” зорилготой ашгийн бус байгууллагаас ажлын гараагаа эхлүүлжээ. 2010 онд Холбооны татварын албаны даргаар томилогдсон. Ажлаа хүлээн авах үед нь Оросын нэгдсэн төсөвт татварын орлого 7.7 их наяд рубль байжээ. 2018 оны дүнгээр 21.3 их наяд рубль болж нэмэгдсэн гэдэг.
Оросын судлаачид түүнийг "Олигархиудын шилбүүр” гэх нь бий. Учир нь тэрээр олигархиудын дархлагдсан далд бизнес, үл хөдлөх хөрөнгүүдийг Оросын татварын системд нэгтгэж, албан татвар ногдуулсан аж. 2018 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 18.9 сая рубль буюу 309 мянган ам.долларын орлоготой гэжээ. Түүний гэргий нь 47.7 сая рубль буюу 776 мянган ам.долларын орлоготой гэж мэдүүлсэн аж. Михайл Мишустин эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа хөвгүүдтэйгээ мөсний хоккей тоглох дуртай гэнэ. 
Д.Цэрэндолгор
Эх сурвалж: Өдрийн сонин