|

Түүхт ойн ажлын хүрээнд хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийв

"Дархан-Ус суваг" ХК-ийн түүхт 55 жилийн ой энэ оны 3 дугаар сард тохионо. Түүхт ойгоо угтан тус компаниас нийгмийн хариуцлагын хүрээндээ "Мондиго хүүхдүүд” нэгдэлтэй хамтран усны үнэ цэнийг харуулсан "Чандмань” адалт явдалт хүүхдийн жүжгийн нээлт өнөөдөр Залуучууд театрын их танхимд боллоо.

Эх дэлхий, байгальтайгаа зөв зохистой харьцаж чандмань эрдэнэ болсон усыг ариг гамтай хэрэглэж, түүнийг тэжээгч амьд ертөнц, амьтан ургамалтай бага наснаасаа эхлэн зөв харьцахыг харуулсан тус жүжгийг гурван өдөр хүүхэд багачуудад үнэ төлбөргүй тоглох аж.

Хэрэв усыг хайр гамгүй хэрэглэж, байгаль дэлхий, ан амьтан, ургамалтай зүй зохистой харьцаж хайрлан хамгаалахгүй бол ирээдүйд дусал ус ямар үнэтэй болох, өдөрт уух усны хэмжээ хэдэн дуслаар хэмжигдэж буйг дөрвөн баатарлаг хүүгээр төлөөлүүлэн харуулсан байна.

Чандмань хэмээн дээдэлдэг усыг хайр гамтай хэрэглэх нь ирээдүйдээ оруулж буй маш том боломж цаашлаад хүний хайраас хүнд үлдээж буй ирээдүйн гэрэлт зам юм гэж хүүхэд багачуудад ойлгуулах тус жүжигт өнгөрсөн, одоо, ирээдүйг харуулсан үзэгдлүүд нь сонирхолтой төдийгүй үзэгч хүүхдүүтэй харилцан яриа өрнүүлсэн нь эцэг, эх үзэгчдэд ихэд таалагдлаа. Жүжгийн нээлтийнг үзвэрийг Дархан-Ус суваг ХК-ийн ажилчид, тэдгээрийн хүүхдүүд, тус байгуулгатай хамтран ажилладаг төрийн байгууллагын хүүхдүүдэд үзэж сонирхуулсан байна.

Энэхүү жүжгийг бүтээхэд "Дархан-Ус суваг" ХК бүхий л нөхцөлийг дэмжин 15 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэн ажилласан байна. Түүхт 55 жилийн ойн хүрээндээ хийж буй эхний бүтээлч ажил нь хүүхэд багачууддаа оюуны хөрөнгөр оруулалт хийж байгаадаа хамт олон баяртай байлаа. Дараагийн ажлууд нь усны үнэ цэнийг илтгэсэн эрдэм шинжилгээний хурал, иргэд олон нийтэд зориулсан олон ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Энэ өдөр жүжиг үзэж буй бүх хүүхэд, эцэг, эхчүүдэд амны хаалт үнэгүй тарааж зүүлгэсэн нь олон нийтийн газарт аливаа халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөлийг хангасан явдал байлаа.

Л.Отгонбаатар