|

Энэ жил гэр гэртээ шинэлцгээе

Хүнсний захуудад хүн олон. Мах, ууц, гурил гээд бужигнаж байна. Амны хаалттай хүн бараг байхгүй. Ялангуяа гурил авах гэсэн улс урт гэгчийн дараалал үүсгэжээ. Амны хаалтын зохиомол хомсдол үүсгэж байгаад, үнийг гурав дахин нэмсэнтэй адил, чоно борооноор гэгчээр хүнсний бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэх шинж оров. "Өвчин яамай, сар шинийн баяраа л аятайхан хийх минь” гэсэн шиг халаасаа гөвсөн хүмүүс энд тэндгүй. Дэлхий нийтийг цочроогоод байгаа халдварт өвчин "хаалга тогшоод” байдаг. Гэтэл гэрт буй хүмүүс сонсоогүй мэт "Хэд хоног хүйтрэх нь. Бууз, баншаа хөлдөөж авахаа бодъё” гэж суудаг. Таарч байна уу. Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэх, эсэхийг тухайн үед нь шийднэ гэсэн чигтэй байгаа аж. Хэлэлцэх, шийдэх бодол байгаа бол одоо л, хүмүүс байдгаа бууз, банш, бэлэг сэлтэд барахаас нь өмнө хөдлөх хэрэгтэй бус уу. Түүнээс биш айлууд бүхий л мөнгөө үрэн таран болгосны дараа "Цагаан сар хийхгүй” гэх нь ард түмнээрээ даажигнасан хэрэг болно.

Бүх шатны сургуулийн хичээл хааж, томуу, томуу төст өвчтэй тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэртээ асрах ажил эрхэлж байгаа эцэг, эхэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан Засгийн газар ордондоо сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа гэхэд хилсдэхгүй. Үндэсний үйлдвэрлэгчид ордны хурлын танхимд цуглаж, цагаан сарын бэлгийг Эрээнээс биш, эндээсээ бэлдэхийг уриалахдаа элдэв бараа өрж, Төрийн ордны хонгилыг эгээ л хар зах шиг болгосонд олон нийт эгдүүцэв. Үзэсгэлэн худалдааг Засгийн газар болон нийслэлийн ЗДТГ олон нийтийг онц ноцтой халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой шийдвэрүүд гаргасан даруйд буюу цөвүүн цагаар нээж таарлаа. Гэсэн ч Засгийн газрыг өмөөрөх юмгүй.

Зохион байгуулагчид олон хоногийн өмнөөс төлөвлөсөн байсан тул хурлаа ч хийж, бүтээгдэхүүнээ ч дэлгэнэ гэсэн байх. Гэсэн ч цаг үеийн шаардлагаар болиулах эрх нь Төрийн ордон талд байх ёстой. Төрийн болон бусад байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна гэхээс илүүтэй түгшүүртэй цаг үед үлгэр дуурайлгүй алхам хийсэн нь зохимжгүй. Олон нийтийн дунд ”Энэ тэнэгүүдийн үйлдлийг ичтэл нь дэлхий даяар цацвал сая санаа авах хүмүүс шүү” гэж хэлж байна. Ордон дахь нөхөд харин арай өөр яриатай байгаа бололтой. Жишээ нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрээн явах шаардлагагүй гэж бодож байна. Төрийн ордонд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид чуулж бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Цагаан сараар бусдын гар цайлгахад тохирсон олон сайхан зүйлийг тэд үйлдвэрлэжээ” гэв. Тэрбээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж, улмаар хятад бараа бэлгэнд өгөхийн эсрэг байгаагаа ийнхүү илэрхийлэв. Юутай ч Төрийн ордны зүгээс, өөрөөр хэлбэл, төр, засгийн талаас тахлын шинжтэй хэцүү өвчин "хаалга тогшоод” байгаа энэ үед Цагаан сарын баярыг хийлгэхгүй байх санал, санаачилга мөд гаргахгүй нь энэ мэтээс харагдсаар байгаа юм.

Засгийн газар, нийслэлээс олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглохдоо удахгүй болох сар шинийн баярын талаар аль ч субъект нь юу ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай. Сонгуулийн жил үндэсний томоохон, бүх нийтээр тэмдэглэдэг баярыг хориглочихвол уурласан сонгогчид эрх баригчдын намд саналаа өгөхгүй гэж эрхбиш тооцоолоогүй байлтай. Бүрэн хориглодоггүй юм бол бүх нийтээр, өргөн шинэлэлгүй, аав, ээжтэйгээ золгоод, харин айл хэсэж, бэлэг сэлт цуглуулахыг азнаж, тэвчихийг сануулах ёстой бус уу. Хамгийн их бужигнадаг, ам, хамраа ойртуулдаг цугларалт бол золголт. Гэтэл шийдвэр гаргагчид юу юугүй тулаад буй сар шинийн баярыг хэрхэх талаар А гэж дуугарахгүй байх нь логикгүй. Бүрмөсөн хориглодоггүй юм гэхэд ядаж л золгохдоо ахмадын тохой өргөж хүндлэхээс бус, бие биеэ үнсэхгүй байхыг сануулахгүй гэж үү. Ядаж ингэх нь нийтийн тусын төлөө төр, засгаас авч буй чин сэтгэлийн болоод ухаалаг арга хэмжээ гэхээр байна.

Манайхан коронавирус хурдтай тархлаа гэсэн мэдээлэл авсан эхний хоёр, гурван өдөрт "Яана аа, вирус” хэмээн ам, хамраа тагласан бол өдгөө чих нь дасаж, бараг мартан, сар шинийн баяраа олигтойхон тэмдэглэхийн төлөөх уралдаанд хүч үзэж байна. Гар ариутгагч авахаар лангуу руу очсон хүн тухайн тасгийн аятайхан савтай шингэнүүдийг арав, хориор нь худалдан авч байгаа нөхөдтэй таарчээ. Бэлгэнд өгөх гэнэ. Хаа сайгүй байдаг зөөлөн, амтлаг улаан алим, улбар шар жүржийг Эрээнийх биш, Ираных хэмээн, хүргэж өгнө, захиалаад байгаарай гээд эхэллээ. Энэ янзаараа урд хөршөөс оруулж ирдэг бүхий л барааг гадаадын өөр улсуудаас авчирсан гэж худалдан борлуулах нь. Хүмүүс үнэмшээд авна. Өнөөгийн хүмүүсийн олонх нь салхи хаашаа, явах зүг тийшээ болсон хойно.

Ойр хавийнхандаа "Энэ жил Цагаан сарыг тэмдэглэхгүй байвал яах вэ” гэсэн асуулт тавьж, юу гэж хариулахыг нь тандсан юм. Олонх нь дэмжсэн бол зарим нь "Тэгж сүржигнээд яах вэ, тэр вирус нь ирээ ч үү, үгүй ч үү, жилдээ ганц болдог үндэсний баярыг тэмдэглэлгүй яах вэ” гэж байлаа.

Хүмүүс дөжрөх нь нэг талаар сошиалын голдуу худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр "бөмбөгдүүлж” байгаатай холбоотой болов уу. Өчигдөр өдөр л гэхэд "Архангай аймагт сэжиг илэрлээ” гэсэн мэдээллийг сайтууд нэг нэгээсээ хуулж тавьсаар байв. Манай сэтгүүлч эх сурвалжтай холбогдож асуухад "Хижээл насны эмэгтэй жирийн хатгалгаатай, вирусийн шинжилгээ авч илгээсэн, эмчилж байна, биеийн байдал хэвийн” гэж байлаа.

"Цагаан сар тэмдэглэхгүй гэж сүржигнээд яах вэ, тэр вирус нь ирээ ч үү, үгүй ч үү” гэж буй хүмүүс мэдээлэл муутай байна гэхээр. Мэдээлэл гэдгийг гадаадын нэр хүндтэй мэргэжлийн судалгааны байгууллагууд, олон улсын, газар дээрээс нь сурвалжилдаг агентлагуудын ажлыг хэлж байна. БНХАУ-ын Шанхай хот, Тайваниас цацсан болон АНУ-ын "Вашингтон пост” сонин зэрэг эх сурвалжийн хэдэн өдөр дараалж түгээсэн мэдээллээр бол халдварт өвчний голомт Ухань болон бусад 16 хотод нийт 56 сая хүн хөл хорионд байгаа аж. Шанхай хотоос эмч, сувилагч олноор Уханийг зорьсон. Тэд "Улс орон болоод өөрсдийнхөө, тэгэх тусмаа хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр бид явж байна” гэж мэдэгдсэн. Сувилагч бүсгүйчүүд ажиллахад амар гэж үсээ богиносгон тайруулаад орчин цагийн "дайны” талбар луу мордож байгаа тухай бичсэн. Ухань хотын захиргаанаас гаргасан нэгэн үзүүлэх хуудас эмч, сувилагчдыг зоригжуулсаар байгаа аж. Түүн дээр хүмүүс битүү хувцас, амны хаалттай эмчид хандаж "Царайг тань харах аргагүй, танихгүй ч гэлээ, бидний амийг аврахаар ирсэн эмч танд баярлалаа” хэмээн хэлж буй бичиг, агуулгатай. Өвчний голомт хотод сүүлийн хоёр хоногт халдвар авсан хүний тоо 769-өөр нэмэгдсэн бөгөөд БНХАУ-ын дарга дэлхийн улс орнуудын удирдагчдад хандаж дор бүрнээ сэрэмжтэй, хянамгай байхыг сануулав. Коронавирус өчигдрийн 17.00 цагийн байдлаар БНХАУ-аас гадна Тайланд, Австрали, Сингапур, Япон, БНСУ, АНУ, Франц, Вьетнам, Балбад бүртгэгдээд байна.

Нөхцөл байдал ийм болоод байхад ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу аминдаа, гэр бүлдээ арчаатай байж, вирусийн халдвар авахгүйг хичээж, сахилга, журамтай аж төрж, сургууль, цэцэрлэгт явахгүй байгаа хүүхдүүдээ тоглуулах бус, харин хоол сайтай, тайван байлгаж, аюул тулж ирвэл давж гарах, санхүүгийн болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байх тухай бодож, анхаарал хандуулах ёстой цаг үед сар шинийн баяр тэмдэглэнэ гэж хүнсний зах дээр амны хаалт ч үгүй харсан зүг рүүгээ шүлсээ үсчүүлж, "тэнгэрт хадсан” үнэтэй ууц, өвчүү авах гэж тоолдгоо эмтэрч зогсох нь зохисгүй байна.

Өвчин хол, магадгүй өмнөд Америк, Африкт нүүрлээд буй бол арай өөр. Бидний хөрш, байнгын харилцаатай оронд үхлийн вирус дэгдэж, хүмүүс хэдэн мянгаараа халдвар авч, өчигдрийн байдлаар 80 хүн нас бараад байна шүү дээ. Ниргэсэн хойно нь хашхирахгүй байх сан.

Цагаан сарыг болиулах тухай яриа байгаа юм бол шийдээ одоо, эрт гаргаач. Монголчууд нэг жил сар шинийн баяр тэмдэглэхгүй өнжсөнөөр юу ч алдахгүй. Уламжлалаа уландаа гишгэсэн болохгүй, азай буурлуудаа хүндэтгэхээ байчихгүй. Бууз, банш яаж хийдгээ мартчихгүй.

Засгийн газраас Цагаан сарыг нийтээр тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргадаггүй юм бол аливаа юмны наадах, цаадхыг хардаг, хувийн болон нийгмийн асуудалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвартай иргэд, гэр бүлүүд энэ жил гэр гэртээ шинэлж, хулгана жилээ бэлгэ, ерөөл дүүрэн угтах байх хэмээн найдна.

Р.Оюунжаргал       

Эх сурвалж: Өнөөдөр сонин   

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу