|

Сурагч солилцоо᠋ хөтөлбөр зохион байгуулжээ

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 36 сурагч, 4 багшийн хамт "Сурагч солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдаад иржээ. Тодруулбал ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Багшийн сургуулийн хэл-шинжлэл, арга зүйн тэнхимийн урилгаар энэ сарын 13-21-ний өдрүүдэд явсан аж.

Тус хөтөлбөр нь ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын гадаад хэл тэр дундаа орос хэл судлах сонирхлыг дэмжих, тэдний орос хэлний ерөнхий мэдлэг, ярианы чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах сурагчдын тоог нэмэгдүүлэх давхар зорилготой юм.

36 сурагч 4 багшийн хамт хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуульд 11 төрлийн хичээлд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт сууж, орос багш нараар хичээл заалгасан байна. Хичээлээс гадна Эрхүүгийн Их сургууль болон 39 дүгээр сургуультай танилцаж, сургуулийн сурагчид, оюутнуудын бүтээлээр гаргасан үзэсгэлэн, музей үзэж сонирхсон ажээ. Хөтөлбөрийн төгсгөлд монгол, орос сурагчид урлагийн тоглолтыг хамтдаа үзүүлжээ.

Л.Отгонбаатар