|

960 хүүхдийн хүчин чадалтай эко сургууль ашиглалтад орно

Дархан-Уул аймгийн хамгийн их хүн амтай 15 дугаар багт нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөгдсөн. Эко сургууль барихтай холбогдуулан тус багийн иргэдээс санал сонсох нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус ажил нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих аж.

Хэлэлцүүлэгт холбогдох удирдлагуудаас гадна 15 дугаар багийн иргэдийн төлөөлөл оролцож сургуулийн орчинд ногоон байгууламж, олон төрлийн спортын талбай байгуулж олон улсын стандартад нийцсэн бусад аймаг орон нутагт жишиг болохуйц сургуулийг барьж байгуулахыг хүссэн юм. Мөн иргэд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат нарт иргэд талархалтай хандаж байлаа. 
БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй төслийн барилгын инженер тэргүүтэй албаны хүмүүс иргэдтэй уулзалт хийсний дараагаар аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзлаа. Уулзалтаар иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу газрын хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдал зэрэгт үнэлгээ хийж хамтран ажиллахыг хүссэн юм. Нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах боломжтой тус эко сургуулийн барилгын зураг төсөв ирэх 3 дугаар сард бэлэн болох юм байна. Ингэснээр Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны хажууд байрлах эко сургуулийн барилгын ажил эхлэх ажээ.
 
Л.Отгонбаатар