|

Түргэн тусламжийн дуудлага 1,3 хувиар нэмэгджээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 5 дугаар долоо хоногт 11.013 хүн амбулаториор үйлчлүүлсэн ажээ. Үүнээс 1175 буюу 10,6 хувийг томуу, томуу төст  өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 3,5 хувиар нэмэгдсэн байна.

Энэ нь сүүлийн 3 жилийн дунджаас 6,1 хувиар их байна гэж салбарын зүгээс мэдэгдлээ. Харин түргэн тусламжийн дуудлагын 54,4 хувийг томуу томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Он гарсаар түргэн тусламжийн дуудлага 1,3 хувиар нэмэгдсэн байна.

Уушигны үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэж байгаа 188 хүн байгаа аж. Өнөөдрийн байдлаар Энхийн тун, Шижир рашаан булаг, Армон, Гишүүт, Анар, Мөнхийн тун, Дом хажид, Монос, Шижир, TES зэрэг эмийн сангд амны хаалт худалдаалж байна.

Аймгийн ЭМГ-ын НЭМТ-өөс өнгөрөгч долоо хоногт 1000 хүн амын дунд судалгаа явуулахад 85 хувь нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байна гэсэн дүн гарчээ.

Харин энэ сарын хоёрны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн "Шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 1-04/01 дугаар албан даалгавар, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01-А/26 дугаар захирамжийн хэрэгжилтийг хуулийн хүрээнд хяналт тавин ажиллаж байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу хамтарсан нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалт тандалтыг зохион байгуулж байна.
2020.02.02-ны өдөр ажлын хэсгийн шалгалтад "Тээвэр Дархан” ХК-ийн Буян, Дархан, Алтан сагс, Шинэ орчин захууд, "Мөнх халдун” ХХК-ийн Шинэ Дархан олон улсын худалдааны төв, "Номин тав трейд” ХХК-ийн Дархан салбар Номин агуулах худалдааны төв болон Автобуудалд ажиллаж захирамж, албан даалгаварын хэрэгжилтэд хяналт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Л.Отгонбаатар