|

Бага насны гурван хүүхэд амь насаа алдсан хэргийг мөрдөн шалгаж байна

Энэ сарын 5-ны өдөр Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн 4 дүгээр гудамж дугаар тоотод оршин суугч айлд харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал харгалзах хүнгүй байсан 1-5 насны 3 хүүхэд тогонд цохиулсан байдалтай нас барсан байжээ.  Эхний дуудлага 17 цаг 19 минутад Онцгой байдлын газрын шуурхай албаны 7037-101 дугаарын утсанд ирсэн байна. Тус мэдээллийг Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн жолооч Б.Жавхланбүргэд өгчээ. Дуудлагын дагуу очиход 2.5 см гүнтэй +45 хэмийн халуун ус тархсан бөгөөд Цагдаагийн газар, Прокурорын алба хаагчид үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлсэн байна. Ус тархсан учраас хамгийн түрүүнд тухайн байрны цахилгааныг салгасан аж. Учир нь шалаар тархсан ус цахилгааны эх үүсвэрт холбоотой байсан уртасгагчид хүрснээр хүчдэлд цохиулсан байж болзошгүй байжээ. Ус нь цахилгаан гүйдэл дамжуулагч болдог аж. Тухайн хэрэг ямар шалтгаанаас үүдэн гарсныг Цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг аймгийн Цагдаагийн газрын ОНХА Ж.Баярцэцэг мэдэгдлээ.

Дээрх харамсалтай явдал гарах болсон шалтгааныг олон талаас нь тайлбарлан нийтэлж байна. Тодруулбал Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс болсон гэж СӨББ-ын үйлдвэрчний эвлэлээс үзэж буйгаа цахим орчинд мэдээлсэн. Учир нь тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг байсан ажилтнаа энэ онд тохиох 50 жилийн ойн бэлтгэл ажил хийлгэхээр дуудсан хойгуур ийм зүйл боллоо үзэж байгаа ажээ. Тус хэрэг Дархан сумын 15-р баг биш 13 дугаар багт гарсан байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийн цуглаан, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Харин өнгөрсөн долоо хоногоос багш нарыг амраасан байна. Дээрх хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгах ажил хийж байгаа учраас аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, ХГБХЗГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Л.Отгонбаатар