|

Цагаан сарыг ганц удаа өнжихөд алдах юмгүй

Олон нийтийн дунд Цагаан сар тэмдэглэх, эсэх тухайд хоёр янзын санаа бодол өмнө, хойноо орон, аль нь ончтой болох тухайд өрсөлдөхөөс наагуур байна. Зарим нь аймшигт өвчин газар авсан даруйд буюу манай улсын Засгийн газраас төрийн болон нутгийн зөвлөлийнхний золголтыг энэ жил өнжих талаар мэдээлсэн үеэс гэр гэртээ шинэлье гэсэн шийдвэр гаргасан. Хол, ойр суугаа хүүхдүүд, хамаатан садандаа "Бид гэртээ ёслоод өнгөрөх боллоо. Мөрөө гаргаж, бурхан тахилдаа идээ будаагаа өргөнө. Гэрийнхэн хоорондоо золгон, бууз, баншаа идэж, өөр хоорондоо ерөөлтэй яриа хөөрөө өрнүүлсэн шигээ шинэлэх боллоо. Хүүхдүүд, дүү нар минь нөхцөл байдал сайжрахад ирээрэй” хэмээн утсаар мэдээ түгээцгээсэн. Дараахан нь Ерөнхийлөгчийн өгсөн, сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглүүлэхгүй байх чигийн дагуу Засгийн газар ийм шийдвэр гаргасан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэхдээ тодорхой тайлбарласан билээ.

...Өвчин, тэр дундаа онц аюултай халдварт өвчин бол хэн нэгний хувийн бус, нийт, нийгмийн, улмаар хүн төрөлхтний эрх ашгийн асуудал билээ...

Тэрбээр "Олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор монгол түмнээ энэ удаа уламжлалт сар шинийн баяраа гэр, гэртээ тэмдэглэнэ үү гэж байгаа юм. Түүнээс биш бүр хориогүй, болох ч үгүй. Харин хүүхэд багачуудаа дагуулаад айлаас айл руу явахгүй, өөрөөр хэлбэл, хөдөлгөөнийг хориглоё гэж байгаа юм” хэмээн тодорхой хэлсэн.

Дээр хэлсэнчлэн анхнаасаа энэ удаа ёслоод өнгөрье гэж байгаа гэр бүлүүд Шадар сайдын мэдээллийг талархан хүлээн авч, илүү тайвширсан. Гэтэл аюулт вирус заналхийлж байгаа мэдээлэл өдөр бүр авч байгаа хэрнээ зориуд мэтээр зөрж, сөргөн, "Ёс алдвал ёр болно” гэх лүгээ адил заавал тэмдэглэнэ, золгоно, ах, дүүсийнхээрээ зочилно хэмээн хэнэггүй зан гаргах, бүр улайран баярт бэлдэж буй хүмүүс, айл өрх олон байна.

Нөхцөл байдал ийм байгааг төр, засгийн удирдлага алба, амины шугамаар мэдэж байгаа нь лавтай. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж Цагаан сарын баяр тэмдэглэхгүй байя гэсэн уриалга гаргав. Шинийн 1 тун дөхсөн үед, ердөө долоо хоногийн өмнө ард олондоо хандаж буй нь нэг талаар оройтсон байж болох ч, хэрэг нь гарах болов уу хэмээн бодно. Ерөнхийлөгч "Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. БНХАУ-д Цагаан сарыг тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчиж, эрсдэлийг хамтдаа даван туулъя. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээг авахаар шамдан ажиллаж байна” хэмээн уриалгадаа дурдав. Мөн нийслэлийн Онцгой байдлын газраас явганаар эргүүлд гарч, хяналт тавьж ажиллах тухай мэдээллээ.

Аюулт вирус хаяанд ирчихээд байхад тэгэхээс тэгэх гэсэн мэт, эсвэл азаа үзье гэхтэй агаар нэгэн байдлаар "Сүржигнэх юм. Хил хаагаад байхдаа яадаг юм. Хувийн хэвшлийнхэн орлого, ашиггүй баларлаа. Эдийн засгаа боддоггүй хаашаа мангар дарга нар вэ, сонгуулийн жил тул шоудаж байгаа юм” гэх зэргээр зүхэж, олон түмний санаа бодлыг өөрийгөө дэмжүүлэх зүгт эргүүлэхээр оролдогсод захаас авхуулаад байна. Орлого, ашиг чухал. Гэхдээ түүнээс чухал нь өөрийнх нь болоод үр хүүхэд, эх, эцэг, түмэн олны амь, эрүүл мэнд баймаар юм. Ингэж ярьж, бусдыг өөртөө элсүүлэх гэж турхирах маягтай үг, яриа амнаас унагаж байгаа хүмүүсийн авираас тэднийг хувиа бодсон, нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг, хамтын амьдралын тухай ойлголтгүй ухвар мөчид хүмүүс гэж дүгнэхэд хүрч байна. Вирустэй хүн орж ирэлгүй, аюул тойроод гарвал аз. Нөхцөл байдал эсрэг тийш эргэвэл түрүүн дурдсанчлан ухвар мөчид хүн олонтой манай нийгэмд ямар гээчийн асуудал нүүрлэхийг өдгөө хэлэх аргагүй. Төр, засгийн удирдлагууыг, мөн аюул даллаад яах вэ хэмээн ариун цэвэр сахиж, баяраар гэр, гэртээ золгож, айл хэсэж, "алт”, "мөнгө” цуглуулахгүй гэж байгаа хэсгээ шоолохоос наагуур аашилж буй хүмүүс, бусдыг боддоггүй юм гэхэд өөрийн үр хүүхэд, ээж, ааваа гэх сэтгэлгүй гэж үү. Гайхмаар. Тэднийг өмнөд хөршид санаатайгаар вирус тараахыг оролдоод цагдаа нарт баривчлагдсан хүмүүстэй зүйрлүүлэн авч үзсэн ч болохоор санагдана.

Хүн төрөлхтөн дэлхий хэмээх ганцхан том хөлөг онгоцон дээр зорчиж, амьдарч байдаг билээ. Аль ч улс орон, тив, дэлхийн хүмүүсийн амьсгалах агаар нэг.

Шинэ вирус илрүүлсэн цаг мөчөөс эхлүүлэн тоолоход өвчний голомт Уханиас гарч, цэнхэр гаргийн 200-гаад улс орон уу зорчсон, мөн буцаж тус хотод буусан хүний тоо нийт таван сая аж. Уг тооцоог олон улсын агаарын тээврийн компаниудын мэдээлэлд үндэслэн гаргаж, газрын зурагт улаанаар тэмдэглэснийг та бидний олонх нь харсан. Тэр газрын зурагт Монгол болон Африк тивийн захын хэдэн орон л цагаанаараа буй. Уханиас эдгээр орныг зорин хэн ч зорчоогүй гэсэн үг. Үүнд санаа амарч болохгүйн зэрэгцээ манай улс эдийн засгаар хэр байна вэ гэдгээ дахин нэг бодож үзүүштэй. Эдийн засгийг түр хойш тавиад дахин таван сая гэдэг тоонд анхаарвал тэр олон хүний аль нэгэнтэй шүргэлцсэн этгээдээр дамжин манайд вирус орж ирэх магадлал тун өндөр бөгөөд энэ эрсдэлийг авч үзээд хаана, хаанаа Цагаан сарыг нэг удаа өнжье гээд байгаа билээ.

Зарим хүн төр, засгийн удирдлагуудыг, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийг вирусээр далимдуулж улс төрийн оноо авахаар улайрч байна гэж хэлж байна. Тэгэх тусмаа энэ удаа ямар ч байсан вирусийн халдварын эсрэг зохих арга хэмжээнүүдийг авсаар байгааг олон нийт харж байгаа бөгөөд гаргаж буй журмыг даган, дор бүрнээ сахилга, хариуцлагатай байх аваас хожил тэр.

Цагаан сарын баярыг заавал тэмдэглэнэ гэж дөргүй бух шиг зөрүүдлэх хүмүүс найрал дуучдын дунд нууцаар орж зогсоод гоцлон дуулах болохдоо хавийн хүн үргээх дуу авиа гаргах лугаа адил сондгойрч буйгаа хөндлөнгөөс хараасай. Мөн симфони найрал хөгжим дэх хөггүй зэмсэгтэй зүйрлүүлсэн ч болно.

Өвчин, тэр дундаа онц аюултай халдварт өвчин бол хэн нэгний хувийн бус, нийт, нийгмийн, улмаар хүн төрөлхтний эрх ашгийн асуудал. Тиймээс ч дэгдсэн өвчнийг яаралтай дарж авах, үүний тулд хурдтай ажиллах, замд садаа бологсдыг, тухайлбал, вирус санаатай тараахыг оролдсон хүмүүст БНХАУ-ын төр, засгийн удирдлага хуулийн дээд хэмжээгээр ял шийтгэл ногдуулахаар зэхэж буйг буруу гэх аргагүй юм.

Байдал ийм болоод байхад хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй нэгэн гишүүн орны иргэдэд нэг удаадаа Цагаан сарын баяр тэмдэглэхгүй байх ухамсар байх болов уу хэмээн найдна. Ганц удаа Цагаан сарыг өнжлөө гэхэд алдах юм юу ч байхгүй.

 

Р.Оюунжаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин