|

Гэрлэх ёслолын ордноо сэргээх гэж 19 жил тэмцэлдсэн Дарханчууд

Дарханд шинээр сэргээн засварлагдаж буй хуримын ордны үйл явц 80 хувьтай үргэлжилж байна.

"Дархан нутаг” ТББ хуримын ордны сэргээн засварлах ажлыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэн зам талбай, гадна фасад, инженерийн шугам хоолой, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусч, дотор засварын ажлыг хоёрдугаар сарын 1-ний дотор дуусгаж бүрэн гүйцэд ашиглалтад оруулахаар бүхий л чадлаараа ажиллаж байна. Гэрлэх ёслолын ордон дотор засал засварын ажил ид өрнөж байв. Ажил нь 80 хувьтай явж байгаа нь энэ.

 

Гэрлэх ёслолын ордон 2008 оноос хойш тоногдож үлдсэн балгас болсон байв.

Уг Гэрлэх ёслолын ордон анх 1985 онд ашиглалтад орж байсан юм. Дараа нь 2001 онд тухайн үеийн аймгийн Засаг даргын тушаалаар хувьчлагдсан. Хувьчлагдахдаа эд хөрөнгийг хүлээлцсэн актад нь Гэрлэх ёслолын ордныг худалдаж авч буй иргэнийг гэр бүлийн холбогдолтой үйлчилгээг хэвээр нь үргэлжлүүлэн явуулах болзолтойгоор худалдсан байжээ. Гэвч худалдаж авсан иргэд эд хөрөнгийг хүлээлцсэн актад заасны дагуу зориулалтаар нь ашиглаагүй. Бүр шөнийн цэнгээний газар хүртэл болгож үзсэн байна. Үүгээр ч зогсохгүй хуримын ордны барилгыг сүм цуглаанд өндөр үнээр заржээ. Азаар 2016 онд "Дархан нутаг” ТББ тус байгууламжийг худалдан авч, 50 хувийг нь аймгийн ЗДТГ-т үнэгүй бэлэглэсэн юм. Гэсэн хэдий ч тухайн жил Дархан-Уул аймгийн Засаг дарга солигдож, ИТХ-ын тогтоолоор бэлэглэлийг хүчингүй болгосон. Энэ үйл явцыг саяхан л "Дархан нутаг” ТББ мэджээ. Гэрлэх ёслолын ордон 2008 оноос хойш тоногдож балгас болсон байсан.

Засварын ажлыг хариуцаж буй Б.Мягмардаш ‘Бид энэ барилгыг Гэрлэх ёслол хүндэтгэлийн өргөө хувьцаат компани болгосон. Энэ хувьцаат компанийн зохих ёсны хувийг Дарханы иргэдэд өгсөн. Аймгийн захиргаанд мөн тодорхой хувийг нь өгөх бодолтой байна. Гэхдээ хүлээж авах эсэхийг нь мэдэхгүй байна. Хуримын ордонд ёс журмынх нь дагуу гэр бүл, хамаатан садан, олон түмний нүдэн дээр андгай тангараг өргөж гэрлэсэн хосуудын салах магадлал бага байдаг.

Гэр бүлээс эх орон эхэлдэг гэдэг. Тиймээс гэр бүл бат бэх байж гэмээн улс, эх орны минь тусгаар тогтнол бат бэх байна. Орчин үед гэрээтэй гэрлэх, хамтран амьдрах гэх мэт шинэ нэр томьёонууд гарч ирж, монгол ёс заншил алдагджээ. Дархан хот маань дөрөвдүгээр сараас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болно. Хотод зайлшгүй байх ёстой зүйл бол Гэрлэх ёслолын ордон шүү дээ. Ер нь итгэл, сэтгэл, зүтгэлтэй бол ямар ч ажлыг бүтээж чаддаг юм байна‘ гэлээ.