|

Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулав

Билгийн тооллын ХVII жарны Шороон гахай жилд ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан төр, хувийн хэвшлийн шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллага аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн өргөөнд болов.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөдөлмөрийн аварга "Оюуны ирээдүй" цолцолбор сургуулиас тодорчээ.Тодруулбал аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/56 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөдөлмөрийн аваргаар Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн сургалтын менежер А.Цагаанцоож шалгарсан байна.

Тэрээр сурагчдыг хөгжүүлэх ажлыг өөрөө бие даан хийж олимпиад уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэн оролцуулснаар 238 удаа аймаг, бүс, улсын олимпиадаас шавь нар нь алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Мөн улсын олимпиадад дөрвөн сурагч нь амжилттай оролцсоны зэрэгцээ бүсийн болон нэрэмжит олимпиадаас 10 гаруй медаль хүртсэн байна.

Сургуулийн хэмжээнд сургалтын стандартыг хэрэгжүүлэх, олимпиад уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэн оролцуулах, гүнзгийрүүлсэн сургалтыг явуулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулж баг, хамт олноо манлайлж ажилласнаар сүүлийн 18 жил дараалан Оюуны ирээдүй цогцолбор сургууль аймгийн олимпиадын аварга сургууль болсон байна.

Мөн 2004, 2017 онд Монгол Улсын Тэргүүний сургууль, 2004, 2012 онд Шилдэг менежементтэй "ТОП" сургууль, 2004, 2005, 2010, 2011, 2014, 2016, 2017, 2019 онд аймгийн тэргүүний сургуулиар шалгарчээ. 2019 оны Улсын чанарын үнэлгээний шалгалтаар шилдэг 40 сургуулийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн аж.

Харин "Төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн аварга”-аар аймгийн ЗДТГ-ын Ерөнхий эдийн засагч Байгалийн Батсүх шалгарсан аж. 
Б.Батсүх нь Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллаж 2012-2019 онуудад 313.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 1736 төсөл арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэлийг нь хангуулахад биечлэн удирдаж, идэвх санаачлагатай ажиллаж иржээ.

Улиран одож буй гахай жилд манай аймагт нийтдээ 332 төсөл арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар амжилттай хэрэгжүүлэн Дарханчууддаа хүлээлгэн өгсөн байна.

Дархан-Уул аймаг нь 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улсын шилдэг таван аймгийн нэг, 2018 оны Монгол Улсын тэргүүний аймаг болсон амжилт үзүүлсэн нь Дарханчуудын хамтын бүтээл, уйгагүй нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг шагнал гардуулах үеэр онцолж байв.

Мөн Шороон гахай жилд ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн амжилт гаргаж аймгийн "Тэргүүн баг” –аар шалгарсан Шарын гол сумын Санжинт багийн хамт олонд талархал илэрхийлж "Өргөмжлөл”, мөнгөн шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Тус баг нь хөдөөгийн малчдын бэлчээрийн зориулалттай худаг, сургуулийн гадна талбайн засвар, тохижуулалт, сургууль цэцэрлэгийг цэвэр усны шугамтай холбох, Ойчдын 16, 17 дугаар гудамжны айл өрхийг цэвэр усны шугамтай холбох, жишиг гудамж төсөл хэрэгжүүлэн тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд "Багийн төв”-ийн байрыг ашиглалтад оруулж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулжээ.

Түүнчлэн ажил үйлс, бүтээн байгуулалт, нийгмийн салбарт гаргасан санал санаачилга, амжилтаараа шалгарсан "Цахимбар инженеринг” ХХК-ийн хамт олонд аймгийн удирдлагууд "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-ын "Өргөмжлөл”, мөнгөн шагналыг нь гардууллаа.

Тус компани нь авто замын засвар шинэчлэлтийн ажилд шаардагдах түүхий эд материал нийлүүлэх, зам барилгын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. 
2019 онд Нэгдсэн эмнэлгийн нэг эгнээ бүхий эвдрэл ихтэй, яаралтай түргэн тусламжаар ирж буй өвчтөн, үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэдэг авто замыг өргөтгөн шинэчилэх ажилд шаардлагатай 76.0 сая төгрөгийн асфальт бетон хольцийг нийлүүлж уг замыг ашиглалтад оруулахад тусалсан байна.

Ингэснээр нэгдсэн эмнэлгийн 0,420 км авто замыг 2 эгнээтэй болгож зорчих таатай нөхцөл бүрдсэн. Мөн өнгөрөгч онд Гэрлэх ёслолын ордоны 0.142 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Ийнхүү улиран өнгөрч буй жилдээ амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэгүүдэд өргөмжлөл хадгалуулж аймгийн хөдөлмөрийн аваргаар өргөмжлөв.

Л.Отгонбаатар