|

Хонгор сум хошой аварга болов

Улиран одож буй жилийнхээ Тэргүүний сум, баг, оны онцлох хүн, хөдөлмөрийн аваргуудыг тодруулж шагнадаг уламжлалтай. Энэ жил коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шагналын эздийг ажлын байранд болон аймгийн Хүндэтгэлийн өргөөнд цомхон хүрээнд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав. Аймгийн  "Тэргүүний сум”-аар Хонгор сум шалгарч шагналаа гардан авсан юм.

Билгийн тооллын ХVII жарны Шороон гахай жилд ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлсан амжилтыг үнэлэн аймгийн "Тэргүүний сум”–аар Хонгор сумын Засаг даргын Тамгын газрыг шалгаруулсан байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нар баяр хүргэн Тэргүүний сумын "Өргөмжлөл”, нэг сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.

Хоёр жил дараалан аймгийн Тэргүүний сумаар шалгарсан тус сумынхан улиран одож буй гахай жилд Хонгор сум - Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан нийт 2,6 тэрбум төгрөгийн 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж иргэдийнхээ амар тайван, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.

Бүтээн байгуулалтын томоохон ажлаас дурдвал: Орон нутгийн хөгжлийн сангийн нийт 364,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тохижилт-2, 3” төслийг амжилттай хэрэгжүүлж нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын гэрэлтүүлэг, гадна фасад засвар, орцны кодтой хаалгыг суурилуулжээ. Мөн сумын төвийн 3522м2 төв талбай 180м замыг асфальтаж, сагсан бөмбөг гар бөмбөг, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай спорт амралтын цэцэрлэгт хүрээлэн, "Атар-60” усан оргилуур бүхий цогболбор газруудын тохижилтыг 150,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Сумын ИТХ, ЗДТГ-аас "Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсний үр дүнд жилд ОНХС болон улсын төсвөөс гадна 350-400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн нь орон нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн, талархлыг нь хүлээсэн бодит ажил болсон ажээ.

 
Л.Отгонбаатар