|

Хятад улсад айлчилсныхаа дараа тусгаарлагдсан Монгол Улсын ерөнхийлөгчийг Камбожийн ерөнхий сайд шүүмжилжээ

Камбожийн ерөнхий сайд Хун Сен өчигдөр нэгэн уулзалтад оролцох үеэрээ саяхан Хятад улсад айлчлаад ирснийхээ дараа коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 14 хоног тусгаарлагдсан Монгол улсын ерөнхийлөгчийг шүүмжилсэн байна.
"Монгол улсын ерөнхийлөгч Хятадад айлчилсныхаа дараа тусгаарлагдсан явдлыг би дипломат ёсны хувьд зөв алхам болсон эсэхэд эргэлзэж байна. Энэ мэдээг сонсоод надад лав Хятадад очихгүй байсан нь дээр юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж Хун Сен ярьжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг Хятадын талаар гадаад ертөнцөд буруу сурталчилгаа хийсэн гэж шүүмжилсэн байна.

Х.Баттулга нь Хятадад шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 вирус тархаж, онц дэглэм тогтоосноос хойш тус улсад айлчилсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болсон юм. Хун Сен нь 1985 оноос хойш Камбож улсын ерөнхий сайдын албыг тасралтгүй хашиж байгаа бөгөөд дэлхийд хамгийн урт хугацаанд ажиллласан ерөнхий сайдуудын нэгт тооцогддог. Тэрээр Бээжингийн бодлогыг тууштай дэмждэгээрээ алдартай улс төрч. Камбож улсын эдийн засгийн гол түнш нь Хятад улс юм.

Р.Төмөр 

Эх сурвалж: Fresh News Asia