|

Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт амиа алдсан гэх сэтгэл сэрдхийлгэм хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон хойд эх Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нарыг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу хийсэн, зарим зүйлсийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг дахин шалгуулах шийдвэрийг гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/, 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон юм.

Тодруулбал, Т.Цогтын 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаа 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт оноосон тарчлаах гэсэн зүйл ангийг нь өршөөн хэлтрүүлж, хорих ялыг 22 жилээр тогтоожээ.