|

Нэрт соён гийгүүлэгч Жамсрангийн Цэвээн

XX зууны нэрт соён гийгүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Нармай Монгол үзлийн гол үзэл сурталчдын нэг Жамсрангийн Цэвээний монгол түмнийхээ төлөө гэсэн үйл хэрэг, хичээл зүтгэл нь нийгмийн олон салбарт тэргүүлэх байр сууринд байснаараа бүхнээс онцлог юм.
Ж.Цэвээн Хойт Агийн омгийн захиргааны зайсан Жамсрангийн гэр бүлд 1881 онд төржээ. Анх Читийн гурван жилийн дунд сургуулийг төгсөж анхан шатны боловсрол олсон бөгөөд дараа нь Петр Бадмаевын байгуулсан Санкт-Петербург дэх гимназид орж суралцсан байна. Гэвч түүнийг Үнэн алдартны шашинд элсэн орохыг шаардсан тул уг гимназийг орхихоос өөр арга байсангүй. Улмаар 1898 онд Эрхүүгийн багш нарын семинарт элсэн орж, 1901оны 6-р сард Агийн талд багшилсан гэдэг. Түүнийг сайн багш болохыг нь ажигласан Агийн талын Думын гишүүд хуралдаанаасаа шийдвэр гарган "Бидэнд, буриадуудад дээд боловсролтой хүн хэрэгтэй! Иймд багш нарын семинар төгссөн Цэвээн Жамсарано, гимназид сурч буй Базар Барадин нарыг Их сургуульд явуулах нь зүйтэй. Учир нь эд нар эргээд Монголын ард түмний гол хөрөнгө бэл болно” хэмээжээ.
Ж.Цэвээн их сургуульд сурч байхдаа шинжлэх ухааны олон төрлөөр хичээллэж, судалж байсан гэдэг. Дорно дахины судлал, философи, эрх зүй, хэл зүй зэрэг олон лекц сонсож, байгалийн ухааны факультетын семинаруудад оролцож, өөрийгөө соён гийгүүлэх ажилд өргөн утгаар бэлдэж байсан байна.
Түүний хамгийн өргөн мэдлэг бүхий салбаруудын нэг нь ардын дуу хуур, ардын урлагийн аман бүтээлийг бичиж авах, судлах шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалууд байлаа. Энэ тухайгаа Ж.Цэвээн дурсахдаа "Би хүүхэд ахуй насандаа л ардын дуу хуурт дурлаж, үлгэр тууль, бөөгийн дуудлагыг сонсож байсан нь ард түмэндээ машид их хайрлах, ихэс дээдсээ хүндлэхэд сургаж, улмаар цааш нь үүндээ улам хүчтэй татагдах болсон. 1898 онд Эрхүүгийн Багш нарын семинарт сурч байхдаа анх Алар, Кудын буриадуудаар явж үлгэр тууль, бөөгийн дуудлага зэргийг цуглуулж бичиж авч байлаа” хэмээжээ. Петербургийн Их сургуульд сурч байхдаа С.Ф.Ольденбург, Д.А.Клеменц, А.Д.Руднев, В.Л.Котвич нарын зэрэг нэр алдар нь түгсэн эрдэмтэн мэргэдтэй уулзаж, тэднээр хичээл заалгаж байсан байна.
1903 онд Оросын ШУА-ийн тусгай даалгавраар Эрхүүгийн губернд ирж ардын үлгэр тууль судалж байхдаа "Аламж мэргэн”, "Айдур мэргэн” гэх мэт олон алдарт туульсыг бичин авч тэмдэглэн үлдээжээ. Түүний анхны энэ томилолт түүнд нилээд алдар хүндийг авчирч өгсөн бөгөөд багш нар нь Цэвээнийг шилдэг туульс цуглуулагч судлаачдын тоонд оруулан тооцсон гэдэг.
1903-1907 оны хооронд жил бүр Оросын ШУА болон Газарзүйн нийгэмлэгийн экспедицүүдэд явж үлгэр туульс судлаж байсны дотор 1904 онд Өргөөгийн орчим болсон Даншиг наадамд ирж, Халх монголчуудын ардын дуу үлгэр туульсыг анхлан бичиж тэмдэглэсэн байна. 1907-1908 онд Петербургийн Их сургуулийн Дорно дахины хэл судлалын факельтетэд лектороор ажиллаж байгаад 1909-1910 онуудад Өвөр Монголд ажиллажээ.
1911 оны төсгөлөөс Ж.Цэвээнийг Өргөө дэх Оросын консулын газрын зөвлөх, мөн Богд хаант Монгол улсын Засгийн газрын боловсрол хариуцсан зөвлөхөөр томилсноор түүний амьдрал Ар Монгол буюу Төв Монголтой шууд холбоотой болсон байна.
Бага, дунд сургууль байгуулах ажилд идэвхийлэн оролцож улмаар ГХЯ-ны дэргэд бага сургууль байгуулан өөрөө анхны багш болж байв. Бага, дунд сургуульд гадаад хэл заахыг чухалчилж байсны дотор орос, хятад хэлийг нэн тэргүүнд заахыг зөвлөж байжээ.
Монголын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнтэй маш ихээр гар нийлэн ажиллаж байсны дотор Монгол улсыг Үндсэн хуультай болгох, лам нар голчилсон темократ маягийн засаглалыг өөрчлөх ардчилсан парламентат ёсыг төлөвшүүлэх зэрэг тал дээр санаа сэтгэл нийлж байв.
"Халх журам”, "Их засаг” хуулиуд, Монгол аймгуудын аман цааз зарлигууд, Хори буриадын анхны болон сүүлчийн хуулиуд зэргийг орос хэл дээр орчуулан Хятадын Харбин хотод сууж байсан Оросын нэрт эрдэмтэн профессор В.А.Рязановскийд илгээж оронд нь Орос, Англи, Франц, Швейцарь зэрэг Европын улсуудын Үндсэн хуулиуд, Хятадын орчин үеийн иргэний эрх зүй гэх мэт хууль эрх зүйн бүтээлүүдийг авч Монголынхоо жам ёсны эрх зүйтэй харьцуулан судалж Үндсэн хуулийн шинж бүхий "Улс эрх” бүтээлийг Сайн ноён ханы багш Чимиддорждоной бэйс, Чин сүжигт номунхан Цэдэнбалжир нарын хамтаар зохион гаргасан нь шинэ тутам байгуулагдсан төмөр улсын хөгжил дэвшлийн үзэл баримтлал, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр гэхээс өөрөөр дүгнэх аргагүй юм.
"Эзэд хаадын харгислал, дарлал хэтэрвээс ард түмэн гомдож эсэргүүцэн босдог юм. Улсын харъяат хүмүүсийн хувийн эрх болвоос хүмүүн бүр чадал эрдэмтнийг мандуулан, өөрийн хувийн ашиг тусыг бүтээх эрх буй... Энэхүү бичгийг Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд, Сайн ноёнхан Намнансүрэнтний дуртган тушаасныг хичээнгүйлэн дагаж, улсын дотоод эрхтнүүдийг товчлон тодорхойлсон хүмүүс ину буриад Жамсраны хөвүүн Цэвээн Монгол улсын тулгар төр мандах болтугай” хэмээн хүчний эрхийн талаар бичсэнийг харахад сэргэн мандсан Монгол улсаа эрх зүйн хувьд авч явахын тулд энэ 2 хүн ямар их хүч хөдөлмөр зарсныг хэлэхэд мөн илүүдэхгүй биз ээ.
1913 онд Эрхүү хотод сургуульд сургахаар 10 залууг Ж.Цэвээн өөрийн биеэр аваачиж өгч байсны дотор бидний сайн мэдэх маршал Чойбалсан, Анхны Монгол марк зохиолч Бат-Очир, Шүүх яамны сайд асан Гүрсэд зэрэг хүмүүс байжээ.
Монголын шинэ үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг санаачлагч байсан бөгөөд Ерөнхий сайд Намнансүрэнгийн удирдлаган дор шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Шинэ толь” сэтгүүл, улс төр мэдээлэлийн "Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхлэн гаргаж, Оросын ШУА-ийн тусламжтайгаар монгол бичиг бүхий жижгэвтэр хэвлэлийн үйлдвэр байгуулан ажиллаж байв.
"Шинэ толь” сэтгүүлд тухайн цаг үеийн шинжлэх ухааны ололтуудын тухай бичиж байсны дотор дэлхийн шим мандал, түүний байгууламжийн байгалийн шинжлэх ухааны ололт амжилтын болон газар зүйн шинэ нээлтүүдийн тухай бичиж байснаас гадна Коперник, Галилей нарын үзэл санааг орчуулан монголчууддаа хүргэж байлаа. "Нийслэл хүрээний сонин бичиг” сонин нь тухайн цаг үеийн улс төрийн байдлын тухай мэдээлж, нэгдсэн Монгол улс байгуулахын ач холбогдлыг тайлбарлан таниулж, Монголын ард түмний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны сэргэн мандалтын чухлыг сурталчилж байсан байна.
Мөн тухайн үеийн Монголын улс төрийн амьдралд идэвхийлэн оролцож, Сайн ноён хан Намнансүрэнгийн дэргэд шадарлан сууж түүний хамгийн дотны нөхөр байсан бөгөөд улс төрийн зөвлөх нь байжээ.
1915 оны гурван улсын шударга бус гэрээ олон монголчуудын сэтгэлийг гонсойлгосон төдийгүй зарим нэг нь энэ байдлыг тэсч ядан нутаг буцаж байсны (Жишээ нь: Харчин гүн Бавуужав гэх мэт Ш.П) дотор Ж.Цэвээн байсан ба тэрээр 1917 оны 6-р сард Буриад-Монголдоо очсон байна.
Монголын түүхчид, эрдэмтэн мэргэд Ж.Цэвээнийг шинэ эрх чөлөө дахин сэрсэн Монгол улсын хөгжил дэвшихийн их үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан эрхэм хэмээн үздэг билээ. Төв Монголд байх хугацаандаа Ж.Цэвээн "Дархадууд, Хөвсгөлийн урианхайчууд, торгуудад, хошууд, цахар, дарьганга, Алтайн урайнхайчууд, казахууд болон эвэнкчүүдийн гарал үүсэл, аж төрөх ёсон”, "Оросод дагаар орсон Буриадуудын амьдрал, аж төрөх ёсон”, "Чингис хааны алтан сургаалиуд” зэрэг шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээлүүдээ бичсэнээс гадна газарзүйн сурах бичиг, Сансарзүйн ном зэрэг бүтээлүүдээ хэвлэн гаргасан байна.
Европын олон зохиолчдын ном бүтээлийг орчуулан гаргаж, монголчуудад уран зохиолын амт шимтийг таниулж байсны дотор Жюль Верны "15-н наст ахмад”, Лев Толстойн "Буддагийн амьдрал” Лондон, Жовани Боккаччо нарын өгүүллэгүүдийг орчуулан гаргаж байв. Мөн эдгээрээс гадна тухайн үеийн монголчуудын унших дуртай байсан францын зохиолч Леон Купе Гранстремын "Хөх монголын хөх туг” номыг орчуулан гаргасан бөгөөд Ж.Цэвээн абугайн орчуулснаас хойш гурван удаа монгол хэл дээр гарсан гэдэг бөгөөд 1945 онд Өвөр Монголын нэрт жанжин Дэмчигдонров буюу Дэ ван өөрийн хэвлэх газраас хэвлэн тараасан нь ихээхэн сонирхол татаж байна. Хожим дөрөв дэх удаа нь Г.Алтанцэцэг хэмээх сайхан сэтгэлт бүсгүй 1990 онд хуучин Монгол бичгээс буулган олны хүртээл болгосныг талархахгүй байхын аргагүй ээ. Ж.Цэвээн нь Монголын үндэсний үзэл, нэгдсэн Монгол улс буюу Нармай Монголын төлөөх томоохон зүтгэлтэн байлаа. Түүний амьдралын бүхий л үе зөвхөн Үндэсний сэргэн мандал, хөгжил гэгээрлийн төлөө зориулагдсан юм. Энэ нь түүний бичсэн тогтсон үзэл баримтлал, хөтөлбөр бүхий нийтлэлүүдэд тусгалаа олсон байдаг. Үндсэндээ Ж.Цэвээн абугай бол ардын ардчиллагч байсан нь энэ бүхнээс тодорхой харагдана. Тэрээр бүх монголчуудын нэгдэл, сэргэн мандал, тэр тусмаа хэл бичиг, соёлын гол роль, тэдгээрийн батжил, бэхжилд дүүрэн итгэж байлаа.
1917 оны зун цагаас тэрбээр Буриад-Монголын нийгэм, улс төрийн ажилд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Буриадын үндэсний хорооны (Бурнацком) даргаар сонгогдсон байна.
Өвөр Байгальд Зөвлөлт засаг байгуулагдсаны тэр үеэс Зөвлөлийн байгууллагад ажиллаж 1919-1920 онуудад Эрхүү хотод дөнгөж байгуулагдсан Их сургуулийн профессороор ажиллаж байв. 1920 оноос Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас түүнийг Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнийхэнтэй холбож өгсөн гэдэг. Ж.Цэвээн Эрхүү, Дээд-Үд хотуудад болж байсан Монголын хувьсгалчдын хурал зөвлөгөөнд оролцож байснаас гадна 1921 оны 3-р сард Хиагтад болсон МАХН-ын анхдугаар хуралд оролцсон байна. Энэ хуралд Ж.Цэвээн, түүний эхнэр Сахьяагийн Бадамжав, Дашбатын Цэдэн-Иш, Цэрэнгийн Баламсу (анхны банкны дарга асан Ш.П) Сандагдорж Жамболон нарын 5-н буриад оролцсон гэдэг. Энэ их хурал дээр баталсан МАХН-ын анхны хөтөлбөрийн зохиогч нь Ж.Цэвээн байсан байна. Ардын хувьсгал ялсны дараа Ж.Цэвээн Монголын Засгийн газар болон МАХН-ын удирдлагад орж ажилласны дотор Дотоод хамгаалах яамны дэд сайд, эдийн засгийн болон Улсын банкны зөвлөлийн гишүүн, Монголын шинжлэх ухааны хорооны судар бичгийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, МАХН-ын хянан шалгах төв комиссын даргаар ажиллаж байжээ.
Ж.Цэвээн БНМАУ-ын үндэсний хөгжлийг хөгжүүлэх өөрийн вариантыг дэвшүүлж байв. Мөн "Монголын жинхэнэ тусгаар тогтнолын” талаар санаа зовж, Монгол улсыг бүх Монгол туургатан ард түмнүүдээ соронзон мэт татагдах төв нь болгох талаар ухуулж, Өвөр Монгол, Буриад Монгол, Шинжаан, Тува, Халимагийн монголчуудтай уулзан тэднийг ятгаж нэгтгэх талаар ойлгуулж байлаа.
Тэрбээр капитализм, хоршоолол хоёрыг алгасч нийгмийн дэвшилд хүрнэ хэмээн бичиж, ардын аж ахуйг дэмжиж, "Баяжигтун” хэмээх лозунгийг дэвшүүлж байв.
Ж.Цэвээн: "Халх Монгол нь ах, дүү Өвөр Монгол, Буриад Монгол, Халимаг, Шинжаан, Тувагийн монголчуудтай нэгдэж нэг тэнгэр дор амдрах нь монголчуудын амьдралын түүхэн бүс нутгийг сэргээх бөгөөд энэ нь Монгол улс Япон, Хятад, Орос гэх мэт улс орнуудын нөлөөллөөс гарч, бие даасан, тусгаар тогтсон жинхэнэ улс болох үндэс болно. Ингэснээр Швейцарь мэт дундыг барьсан орон болох юм” хэмээн бичиж байлаа. Энэ үзэл санаа, дэвшилттэй зорилгыг нь хэн нэгэн харлуулан муулах арга олж "Пан Монгол” үзлийг бүтэхгүй зүйл мэтээр нийгэмд ойлгуулсан нь өнөөг хүртэл Нэгдсэн Монгол үзлийг эсэргүүцэгчдийн өмнөө барьдаг хэрэглэгдэхүүн болоод байна.
Үнэн чанартаа "Пан Монгол” үзэл гэж монголчуудын нэгдэл нягтралын оройн дээд туг нь бөгөөд Монгол гарал үүсэл бүхий дэлхийн монголчуудын нэгдэн нягтрах замаар улс орноо хөгжүүлж, олон зууны түүхэн хөгжил, соёл ёс заншлаа сэргээх гэсэн эрмэлзлэл тэмүүлэл юм.
1923-1937 онуудад Ж.Цэвээн ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллаж өөрийгөө томоохон эрдэмтэн судлаач болохоо нотлож чадсан байна. Түүний гавъяа зүтгэлийг ЗХУ-ын ШУА-ийн тэргүүлэгчид өндрөөр үнэлж хэлбичгийн шинжлэх ухааны доктор цол олгосон байна. Үүнээс гадна тэрээр ЗХУ-ын ШУА-ийн жинхэнэ сурвалжлагч гишүүн байжээ.
Ж.Цэвээн абугай Их хэлмэгдүүлэлтийн хар замд өртөн 1937 онд хилсээр баригдан улмаар 1942 онд аймшигт мангас Гулагийн харанхуй шоронд насан өд болсон байна.
Аугаа их соён гийгүүлэгч, бичгийн их хүн Жамсрангийн Цэвээн нь Монголын болон Орос улсын түүхэнд дуусашгүй ундрагатай ардын дуу туульс, үлгэрийн дахин давтагдашгүйг цуглуулагч нэрт эрдэмтэн, "Пан Монгол” үзлийг үндэслэгч, Үндэсний үзлийн төлөө хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Монголын төр, эрхзүйн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг хэмээн тодоос тод сүүн цагаан мөрөөр тэмдэглэгдэн үлдсэн билээ. Гэгээн мөр балрах ёсгүй. Мөнх тэнгэрийн хүчин дор сайн үйл дэлгэртүгэй.

Эх сурвалж www.wikimon.mn