|

Дарханд гурав, нийслэлд 17 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

 

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "КОВИД-19 халдвар дэлхийн хэмжээнд маш хурдацтай тархаж байгаа ч БНХАУ-д халдварын шинэ тохиолдол, нас баралтын тоо буурч байна. Дэлхийн 85 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдэж, Азийн нэг, Европ, Ойрх Дорнодын гурван оронд голомтлон тархаж байна.

Өвчлөлийг хязгаарлаж, таслан зогсоох боломжтой гэж харж байна. Өмнөд Солонгосын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд хүрч, тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд одоогийн байдлаар шинэ голомт үүсээгүй.

Сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Олон улсын байгууллагууд КОВИД-19 халдварын эсрэг аянд нэгдэж, Монгол Улстай хамтарч ажиллаж байна. Монгол Улсад КОВИД-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч төр засгаас дэмжлэг үзүүлж, шуурхай арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын захирал тархалтыг зогсоох нааштай хандлагай гарч буй шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмэгдэж үүсээгүй хэмээн мэдээлсэн” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 858 иргэнийг тусгаарлаж, одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй 256 тохиолдолд шинжилгээ хийсэн. 

Итали болон Тайланд улсад зорчсон түүхтэй гурван иргэнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан.

Өнөөдөр өглөөний Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан. Үүний тав нь ХӨСҮТ-д 12 нь "Багабаян" амралтын газар тусгаарлагдсан. 

Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурьгүй байгаа бөгөөд халуурсан, ханиалгасан шинж тэмдэг илэрсэн” гэв.

ХӨСҮТ захихал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 4-нд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 5-нд буюу өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдөр Дархан-Уул аймагт гурван иргэн, ХӨСҮТ-д таван иргэнийг тусгаарлаад байна” гэв.