|

Нөөцийн махыг 4 дүгээр сараас эхлэн худалдаанд гаргана

Дархан-Уул аймгийн хүн амын махны хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд энэ жилийн нөөцийн махны нийлүүлэлтийн гэрээг "Дархан мах эрдэнэ” ХХК-тай хийсэн байна. Тус компани нь нийт 200.0 тн мах ангилж, савласан байдлаар нийлүүлэх үүрэг хүлээжээ. Дархан-Уул аймгийн хувьд нөөцийн махыг 4 дүгээр сараас худалдаанд гаргахаар аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар шийдвэр гаргалаа. Учир нь цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй болохоор махны нөөц хэвийн байгаа, энэ сарын 10-ны өдрийн байдлыг эс тооцвол махны нийлүүлэлт урд өмнөх өдрүүдтэй адил байгаа гэлээ.

Нөөцийн махны үнийн хувьд нийлүүлэгч "Дархан мах эрдэнэ” ХХК нь зах зээлд худалдаалагдаж буй үнээс 1000 төгрөгөөр хямд байх санал дэвшүүлсэн байна. Тодруулбал үхэр, хонь, адуу, ямааны махны худалдаалагдаж буй үнээс мянган төгрөгөөр хямд борлуулах юм. Одоогоор дээрх үнийн асуудлыг тогтоогүй бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нөөцийн махыг худалдаанд гаргах үеэр тогтоох ажээ.

Л.Отгонбаатар