|

Онцгой комиссын хэсэгчилсэн хурал боллоо

Аймгийн Онцгой комисс лхагва гарагт хэсэгчилсэн байдлаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал коронавирусний халдвар тархсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон өгүүлэмжтэй иргэдтэй гэрээ байгуулан 14 хоног тусгаарлах, тусгаарласан хугацааны зардлыг өдрийн 40.000 төгрөг, цагаан хэрэглэлийн төлбөрийг авахаар болсон байна. 
Мөн ажиглан тусгаарлах байраар ашигласан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн олговрыг олгож, ажиглан тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад Нийгмийн бодлогын хэлтэс хяналт тавихыг үүрэг болгов. Ажиглан тусгаарлах байранд иргэдэд гаднаас хүнсний болон ахуйн эд зүйл оруулах хугацааг өдөр бүрийн 12:00-14:00 цагийн хооронд Цагдаагийн газрын хяналт шалгалт дор оруулж эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж тэмдэглэл хөтлөх аж. Хурлын төгсгөлд Аймгийн Шуурхай штабын шатахууны зардал, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас нэгтгэн гаргасан халдвар хамгаалал, ариутгалтай холбоотой зардал, Дархан сумын айл өрх бүрт хүргэх урьдчилан сэргийлэх фото сэрэмжлүүлгийг хэвлэх зардлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачилсан "Уриалга”-аар цугласан хандиваас тус тус шийдвэрлэхээр болов.
 
Л.Отгонбаатар