|

Ажиглан тусгаарлах байрт оруулахыг хориглосон зүйл

Монгол Улсын Шадар сайдын баталсан 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Коронавирусний халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”, ХӨСҮТ-ийн захирлын баталсан "Covid-19” халдварын ажиглалтын үеийн тусгаарлан сэргийлэлт, авах арга хэмжээний зөвлөмжийн дагуу дараах жагсаалтыг манай аймгийн Шуурхай штабт хүргүүлжээ.

Ажиглан тусгаарлалтад буй иргэдэд эргэлт ирсэн үед дотогш оруулахыг хориглосон эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнд хурц үзүүртэй мэс, багаж хэрэгсэл архи согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эм, тариа, халуун бууруулах, өвчин намдаах эм, тариа, бэлдмэл зэргийг дээд зэргээр хориглосон аж.

Түүнчлэн түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүн хиам, зайдас зэрэг мах махан бүтээгдэхүүн, исэж муудах шүүс, ундаа, жимс бялуу зэрэг кремт бүтээгдэхүүн, чанасан, шарсан өндөг, өндөгтэй бүтээгдэхүүн, задалснаас хойш тасалгааны хэмд хадгалахыг хориглох бүтээгдэхүүнүүд багтжээ. Тиймээс гаргасан шийдвэр, захирамжийг биелүүлж мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын тавьсан шаардлагыг мөрдөж хүндрэл учруулахгүй байхыг ажиглан тусгаарлах байранд ирэх иргэдэд анхааруулж байна.

Л.Отгонбаатар