|

Дархан-Уулын зам хил нээгдсэний дараа л урагшлах нь

Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх энхэл донхол ихтэй замаар зорчлоо. Хуучирч, элэгдсэн эл замд машинууд нааш, цааш тасралтгүй сүлжилдэнэ. Замд том чулуу, хагархай таарч донслон, дэржигнэх бүрт жолооч "Машин минь намайгаа уучлаарай, уучлаарай” гэж наманчилсаар явав. Хүмүүсийн хэлдгээр эл зам үнэхээр там болжээ. Машиных нь дугуй хагараад зогссон хэд хэдэн жолоочтой таарав. Үнэндээ жолоочийн бус, замын буруугаас ийн зогсоо биз ээ. "Майти” загварын машины жолооч С.Зул "Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас өчигдөр мод ачиж нийслэл рүү гарсан. Уг нь хоногтоо хот ордог байв. Зам муудсан учраас оройжин, шөнөжин, өдөржин яваад ч амжсангүй. Дугуй хоёр ч удаа хагарлаа. Сэлгээний хоёр дугуй бэлдэж гарсан ч бас л хагарчихлаа. Хотоос хүн дуудсан, ирэхийг нь хүлээж сууна” хэмээн бухимдангуй өгүүлэв. Машины даац хэтрээгүй, хэвийн ачаатай явсан ч үйлээ үзэж, үгээ хэлэн байж хотын захад ирсэн нь энэ ажээ.

Дархан-Уул-Улаанбаатарын чиглэл нь Азийн авто замын сүлжээний АН-3 ангиллын гол замын нэг. Монгол Улс эл сүлжээнд 2004 онд элсжээ. Тиймээс эл замыг засаж, сайжруулах үүрэг хүлээсэн. Харамсалтай нь, эл үүргээ гүйцэтгэж чадаагүйг толгойтой бүхэн хэлж буй. Үүнээс гадна Дархан-Уул-Улаанбаатарын чиглэл нь Орос, Хятад, Монголыг холбосон транзит тээврийн авто зам. Эх орны дайны жилүүдэд Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн хайрган замыг анх тавьжээ. Түүнээс хойш арчилж, сайжруулсаар хатуу хучилттай болгож, оросууд тээвэр хийх болсон юм. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам бидний амьдралд төдийгүй Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Уг замд 1999 онд их засвар хийжээ. Үүнээс хойших 20 жилд бараг "гар хүрэлгүй” өнөөдрийг хүрсэн. Засгийн газар уржнангаас эл замд анхаарал хандуулж, засаж, сайжруулна гэж ярьсаар өнгөрсөн жил барилгын ажлыг эхлүүлж оны өмнө дуусгана хэмээсэн ч амлалт нь талаар болоод байна.

Дархан-Уул-Улаанбаатарын замаар энгийн үед өдөрт 5500 орчим автомашин зорчдог. Нэг жолоочоос өдөрт 1000 төгрөг авдаг бөгөөд улсын төсөвт хоногт дунджаар таван сая орчим төгрөг төвлөрүүлж байсан гэсэн үг. Энэ хураамжийг 2003 оноос Дархан-Уул чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн жолоос нараас авч эхэлжээ. Харин өнгөрсөн зургадугаар сард засварын ажил эхлүүлсэн тул хураамж авахаа түр зогсоосон байна.

Азийн хөгжлийн банкны "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 83 сая ам.долларын хөрөнгөөр хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 21-нд эхлүүлсэн. Гэрээнд зааснаар шинэчилсэн авто замыг ирэх зургадугаар сарын 21-нд хүлээлгэж өгөх байлаа. Дөрвөн эгнээ бүхий замын хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэн барина. Харин үлдсэн хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар төлөвлөсөн. Одоогоор хуучин замыг өргөтгөн шинэчлэх төслийн ажил царцаж, үргэлжлэх, эсэх нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард олон улсад коронавирус гарсантай холбоотойгоор манай улс хилээ хаасан тул нутаг буцсан хятадууд ирж чадахгүй байгаа юм.

Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн хуучин зам 6.5 метр өргөн. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэн шинэчлэх эл замын нэг урсгалыг есөн метр болгохоор төлөвлөсөн. Нэг талдаа ес, нийт 18 метр өргөн, таван см хатуу хучилттай зам барина гэсэн үг. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хоёр эгнээ зам ялгаагүй 18 метр өргөн, 10 см зузаан хатуу хучилттай байна.

Дөрвөн эгнээ замыг хэн барьж, хэзээ ашиглалтад оруулах вэ гэдгийг олон нийт сонирхон, асууж сураглаж байна. Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн 204 км замыг таван багцад хуваан, БНХАУ-ын дөрвөн компани ажлыг гүйцэтгэх болсон. Нэгдүгээр багцыг "Хэйлон жиан жинь еэ рөүд энд бридж”, хоёр, дөрөвдүгээр багцыг "Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг групп”, гуравдугаар багцыг "Гүй жоу хайвэй инженеринг групп”, тавдугаар багцыг "Чайна жео инженеринг корпорац” компани гүйцэхээр болж, өнгөрсөн зун ажлаа эхлүүлсэн. Хавар дөрөвдүгээр сард эхлүүлэх ёстой ажлыг хоёр сар хойшлуулсан нь дараах учиртай. Тодруулбал, гэрээ батлахдаа цаг алдсан, мөн тендерээ оройтож зарласан учир удааширчээ. Тиймээс энд онд дээрх компаниуд төлөвлөсөн хугацаандаа замаа хүлээлгэн өгч чадахгүй. Үүнээс гадна дээрх нэр бүхий компаниас "Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг групп” компанийн ажил нэлээд урагшгүй байгаа гэнэ. Хоёр ч багц авсан тухайн компанийн ажлын гүйцэтгэл ердөө 8-9 хувьтай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тухайн компани тендерийн ажил авахдаа хэт бага хөрөнгөөр гүйцэтгэх тооцоолол санал болгожээ. Тодруулбал, хариуцаж авсан багцынх нь инженерийн ажлын тооцоолол хамгийн багадаа 20 сая ам.доллар байх ёстой атал тэд 13 сая ам.доллароор эл ажлыг хийнэ гэж дуугарсан нь шалгарах үндэслэл болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд ажиллах хүч, хямд бараа, бүтээгдэхүүн, хямд техникээр ажил хийх компанийг сонгосон. Гол нь Азийн хөгжлийн банкнаас "Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг групп”-ийг дэмжсэн бөгөөд манай Сангийн яамныхан ч хямд үнээр ажил гүйцэтгэх компанийг сонго гэсэн чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яамныханд өгчээ. Тендерт шалгарсан дээрх группийнхэн өнгөрсөн жил туслан гүйцэтгэгч хайж, 20-иод компанийн төлөөлөлтэй уулзсан гэнэ. Гэтэл Монголоос хямд үнээр ажиллах нэг ч компани олдоогүй ажээ. Ийнхүү зам, гүүрийн бүтээн байгуулалтаар дэлхийд нэгт бичигддэг БНХАУ-ын инженер, ажилчдыг шалгаруулсан ч бүтэлтэй зүйл болсонгүй.

Уг нь ЗТХЯ-ныхан оны эхэнд төлөвлөгөө гаргахдаа нэгдүгээр сард гэрээгээ шинэчлэн баталж, хоёр, гуравдугаар сард материал татах, чулуу бутлах, цементийн гэрээ хийж, цагариг хоолойнуудаа татах зэргээр бэлтгэл ажлаа хангаад, дөрөвдүгээр сард замаа барьж эхэлнэ хэмээн ярилцсан аж. Улмаар наймдугаар сарын сүүлчээр замаа хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Гэвч Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 25-нд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тогтоол гаргаж, дараахан нь хилээ хаасан билээ. Тиймээс нутаг буцсан хятадууд эргэн ирж чадаагүй. Зам барихад хятад компанийн 1298 ажилчин, Монголын 278 иргэнийг татан оролцуулахаар төлөвлөжээ. Эдгээрийн олонх нь "Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг групп”-ийн ажилчид байсан гэх. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан бага үнээр тендер авсан тул өөрсдөө эрсдэл хүлээж БНХАУ-аас ажилчид оруулж ирэхээр болжээ. Харамсалтай нь, БНХАУ-д коронавирусийн голомт байгаа, дээр нь халдвар олон улсад нэмэгдэх хандлагатай байгаа эл үед 1000 гаруй хятад иргэнийг оруулж ирэх боломжгүй. Тиймээс эхний ээлжид зөвлөх, технологийн инженер зэрэг дээд боловсролтой 105 хүнийг оруулж ирэхээр хэлэлцсэн ч бүтэлгүйтсэн. Ажиллах хүчийг Монголоос бүрдүүлэх боломж хомс гэнэ. Монголд зам, барилга угсралтын 400 гаруй компани байдаг ч 34-өөс бусад нь цаасан дээр мөртэй, цүнхнийх гэгдэх аж ахуйн нэгж юм байна. Байгаа 34 нь ч бас асуудалтай. Тодруулбал, компаниудын цөөнгүй нь техник, тоног төхөөрөмж цөөтэй, индүүдлэгийн ганц нэгхэн машин, шавар хутгагч, хоёр гурван "Хово” зэрэг хүнд даацын машинтай. Боловсон хүчний хувьд Монголд замын 800 гаруй инженер бий гэх. Тэднээс мэргэжлээрээ ажилладаг нь цөөн. Ажилладаг хэд нь дээр дурдсан 30 гаруй компанид буюу орон нутагт тархан хуваагдсан.

Тиймээс өнгөрсөн хоёр жил Дорноговийн Газрын тосны үйлдвэр хүртэлх хатуу хучилттай 32 км зам, төмөр зам барихад зэвсэгт хүчний алба хаагчдаас татан оролцуулсан. Тэднийг боломжийн хэрээр дадлагажуулж, сургажээ. Өдгөө тэднийг Дархан-Уулын замын ажилд дайчиллаа ч инженерийн түвшинд бэлтгэгдээгүй болохоор асуудал үүсэх аж. Тендерт шалгарсан дээрх дөрвөн компанийнхан нутаг буцахдаа техник, тоног төхөөрөмжөө Монголд үлдээгээд явсан. Гэтэл тэдгээр техникийг нь хөдөлгөж, ажиллуулах мэргэжилтэн Монголд үгүй. Нөгөө талаар эздийг байхгүй үед техникийг нь зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй. Ийнхүү зам барих ажил явцгүй, энэ намар ашиглалтад орох, эсэх нь эргэлзээтэй, хүндхэн байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс ирэх өдрүүдэд коронавирусийн тархалт хумигдаж, дөрөвдүгээр сарын 30-нд хоёр улс хил нээгээсэй гэж тэд хүсэж байгаа юм.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин