|

Чингис хааны музейн барилгын сууринд "Есөн эрдэнэ"-ийн нэг болох ганг байршуулна

Монгол Улсын Засаг газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор "Чингис хаан музей" байгуулахаар шийдвэрлэж 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөн зохих бэлтгэлийг хангаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Чингис хааны музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж шүншигт байршуулах ажээ.

Тус музейн барилгын сууринд Дархан-Уул аймгаас "Есөн эрдэнэ"-ийн нэг болох ганг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хувьцаат компаниас "999 грамм"-аар дээжлэн авч, аймгийнхаа нийт иргэн, хөдөлмөрчин олон түмний сүүн цагаан сэтгэлийг шингээн бэлгэдэж "Чингис хааны өв соёлын хүрээлэн"-д хүргүүлэхээр бэлтгэсэн байна.

Гангийн дээжийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр энэ сарын 25-ны өдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөв. Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх ажээ.

 
Л.Отгонбаатар