|

Герентологийн төв зургаадугаар сард ашиглалтад орно

Дархан-Уул аймгийн ахмадууд руу чиглэсэн томоохон ажлын нэг нь Герентологийн төв юм. Өндөр  настан, ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байдаггүйн улмаас аймаг, сумын ахмадын хороонд зохион байгуулдаг бүжгэндээ хааяа орж сэтгэлээ сэргээдгээс өөр боломж ахмадуудад хомс. Харин ирэх зунаас Дарханы ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, эмчилгээ сувилгаанд хамрагдах боломжтой болж байна. Тодруулбал Дархан сумын ахмадын хорооны дэргэд 50 хүний ортой амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх эмчилгээ сувилгааны нэгдсэн төв ашиглалтад орно. Нэг тэрбум зургаан зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалттай тус бүтээн байгуулалтын ажлын явц 80 орчим хувьтай байгаа талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлэв.

"Дорнын өргөө” ХХК сонгон шалгаруулалтад тэнцэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй ажилтантайгаар засал, гадна пасадны ажлыг гүйцэтгэж байна. Тус төвийн барилгын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн юм. Герентологийн төв эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө зэргээс бүрдсэн 4 давхар барилга юм. Барилгыг хуваарийн дагуу ирэх 6 дугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөх ёстой. Харин гүйцэтгэгч "Дорны өргөө” ХХК-ийн зүгээс 5 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэж өгөх боломжтой. Одоогоор шаардлагатай материалаа татсан, ирэх сарын дундуур цахилгаан шат суурилуулна гэв. Тус барилгын гүйцэтгэл, ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлаг, МХГ-аас долоо хоног бүр хяналт тавьж ажилладаг аж.

Л.Отгонбаатар