|

Дарханы зам МАН-ын 15 нэр дэвшигчийг эрсдэлд оруулна

 

Дарханы зам МАН-ын 15 нэр дэвшигчийг эрсдэлд оруулна

  • Там болсон түр замаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох нь сонгогчдын сэтгэлийг "уяраах” нэг арга байж болно
  • 95.5 км замын ажлын гүйцэтгэл 16 хувьтай, зам тавих хятад иргэдийг хөл хорио дуустал хилээр нэвтрүүлэхгүй болсон нь Дарханы зам сонгуулиас өмнө ашиглалтад орохгүйг баталгаажуулав
  • Дарханы замын тамтаг, дорой сайдын балгаар сонгуулийн эрсдэл үүрэх нь тэнэг хэрэг 
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дарханы 204.1 км замыг шинэчлэх нь МАН-ын нэр хүндийг өсгөх гол ажлын нэг байв. Далангийн өргөн есөн метр, хучилтын өргөн зургаан метртэй хоёр эгнээ замыг 11 метр өргөн, есөн метр хатуу хучилттай дөрвөн эгнээ болгон сайжруулах засварын ажлыг эхлүүлсэн нь монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн том бүтээн байгуулалт яах аргагүй мөн. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд аймгуудыг нийслэлтэй холбосон АН-ын автортой их бүтээн байгуулалтыг сөргүүлэх МАН-ын гол тактик байсан. Мөн МАН зам тавьж чаддагийг харуулах шалгуур байв. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрээр зам биш там бий болгож сонгуультай золгох нь гарцаагүй боллоо. Үүн дээр иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаад МАН-ын удирдлага ямар ч арга хэмжээ авч чадахгүй суугаа нь нэр хүндийг харлуулах бараан сүүдэр болов. ЗТХ-ийн сайдын сүүлд өгсөн мэдээллээр 95.5 км замын ажлын гүйцэтгэл 16 хувьтай, зам тавих хятад иргэдийг хөл хорио дуустал хилээр нэвтрүүлэхгүй болсон нь Дарханы зам сонгуулиас өмнө ашиглалтад орохгүйг баталгаажуулав. Хэдийгээр санхүүжилтийг гаргагч Азийн хөгжлийн банкнаас зарласан тендерт монголчууд оролцох шаансгүй, шалгарсан гүйцэтгэгч нь ажиллах нөхцөлөө бүрдүүлээгүй зэрэг гаднын нөлөө байгаа ч ЗТХЯ, сайд Б.Энх-Амгаланд иргэдийг хохироохгүй, чирэгдүүлэхгүйгээр замын ажлыг зохион байгуулах боломж байсан талаар замын мэргэжилтнүүд ч хэлж байсан. Наад зах нь хуучин замыг нь хуулалгүй шинээр нэг эгнээг барих, замыг 50 км-ээр хуулж бусад хэсэгт хуучин замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх гээд олон арга байж. Гэвч бүх замыг хуулж 6.5 тэрбум төгрөгөөр түр зам тавьсан нь иргэдийг чирэгдүүлж, намынхаа нэр хүндийг бас "шаварт хутгачихлаа”. 
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн харамсалтай тоо байна. Мөн иргэд тээврийн хэрэгслээ эвдэж, ажлаа алдсаар байгаа нь бодитой үнэн юм. Авто замын тухай хуулийн 35.2-т "Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч, эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” хэмээн заасны дагуу иргэд хохирлоо нэхэмжлээд эхэлбэл ЗТХЯ их хэмжээний өрөнд орох эрсдэл ч ойрхон байна. Харин салбарын яам дүлийдээ найдаад унгараг гэгчээр иргэд хохирол нэхэмжлэхгүй байх хэмээн найдсаар сууна. Энэ нөхцөл УИХ-ын сонгуулиар МАН-ын 15 суудлыг эрсдэлд орох бодит шалтгаан. Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдийн нийслэлтэй холбогдох гол зам гэдэг утгаараа МАН-аас дээрх аймагт нэр дэвших 15 хүнд хамгийн их халгаатай сэдэв юм. Там болсон замаар олон цаг сэгсчүүлсэн зорчигч, шаварт сууж, дугуйгаа ханзалж, шилээ хагалан, машинаа эвдсэн жолооч нар МАН-ыг эвийлэн хөөрхийлж, эерэг санал өгөх нь юу л бол. Энэ зун бас л түр зам гэгчээр тонгочуулж машин техникээ эвдэхээс эхлээд иргэдийн амь нас эрсдэх, осол эндэгдэл буурахгүй нөхцөл байдал үргэлжлэх нь тодорхой байгаа. Иргэдийн дургүйцэл яг сонгуулийн үеэр дээд цэгтээ хүрч, МАН-ыг хараах үгс цуурайтах нь бүр ч хоржоонтой. Дээрх аймгуудаас УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд олны өмнө хэлэх үггүй улайхдаа Засгийн газарт удаа дараа асуулга хүргүүлсэн ч ЗТХЯ-наас шалтгаалаагүй гэх хариунд амаа үдүүлээд таг. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд сонгогчид тэднээс нэн түрүүнд Дарханы замын ажил хэзээ дуусахыг асууж "байдалд” оруулна. Тэр үед хариуцлага алдсан Хятадын компанид бурууг тохон аргацаахаар бэлтгэж суугаа биз. Дарханы замын хуудуутай засвараас болж хэн нэгэнд хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй нь ч МАН-ын рейтингэд үлэмж хохиролтой. Цаашилбал МАН зам барьж чаддаггүй, буруутанд хариуцлага тооцож чаддаггүй гэсэн ахин нэг муу нэр ч "дурсгах” нь. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ. Уг нь Ерөнхий сайд, МАН-ын дарга нь Дарханы замын засварын ажлын нээлт дээр 2019 онд багтааж ашиглалтад оруулахыг сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгон, "толгойгоороо хариуцахыг” даалгасан. Харин салбарын сайд "миний мэддэг орос хэл дууссан” гэх маягаар ажил хийж чадахгүйгээ зарласаар. Энэ нь цаагуураа МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлөх шалтгааныг улам лавшруулсаар. Дээр нь ЗТХЯ-ны Зам ашиглалт хариуцсан мэргэжилтэн нь Дарханы замын ажил гүйцэтгэгч хятадуудаас олон сая төгрөгийн хахууль авч байгаад гардуулсан нь "муу дээрээ муухай, муухай дээр улцан” гэгч боллоо. МАН сонгуулийн өмнө олон нийтэд таалагдахын тулд улс төрийн оноо цуглуулах бүхий л боломжийг ашиглахаар чармайж байгаа энэ үед Дарханы замын тамтаг, дорой сайдын балгаар сонгуулийн эрсдэл үүрэх нь тэнэг хэрэг. Тиймээс "тамын замаас” хохирсон иргэдийн сэтгэлийг уяраахын тулд нөхөн төлбөр авах боломжийг олгох талаар бодохгүй бол 15 мандатаа өрсөлдөгчдөө бэлэглэснээс өөрцгүй болох нь ээ.

Засгийн газрын мэдээ