|

Тархины ажиллагааг өгүүлбэрт хөрвүүлдэг машиныг эрдэмтэд бүтээжээ

Хүний ярьж байгаа зүйлийг зөвхөн тархины ажиллагаанаас нь уншиж ойлгоод текст болгон хөрвүүлдэг хиймэл оюунт машиныг бүтээснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. Тархины ажиллагааг бодит цагт (realtime) текст болгон хөрвүүлэхэд алдаа нь одоогоор 3 хувьтай байгаа гэнэ. Шинэ бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга "Nature Neuroscience” сэтгүүлд нийтлэгджээ. 
Өмнө нь бүтээж байсан ижил төстэй шийдлүүд ажиллахдаа алдаа их гаргадаг байсан юм. Тэгвэл энэ удаа Калифорнийн Их сургуулийн хиймэл оюуны мэргэжилтэн, доктор Жозеф Мэйкин тэргүүтэй эрдэмтэд машины нарийвчлалыг сайжруулж, алдааны хувийг нь эрс багасгажээ. Туршилтад сайн дурын дөрвөн хүн оролцож, тархиндаа мэдрэгч электродуудыг суурилуулсан байна. Тэднийг ярьж эхлэхэд машин тархины ажиллагааг бичиж аваад шууд текст болгон хөрвүүлж байжээ.
Гэхдээ шинэ машин нь одоогоор нэг дор 30-50 өгүүлбэр хөрвүүлэх хязгаартай байгаа гэнэ. Олон хүнийг туршилтад оролцуулах замаар машиныг сургасны дараа нарийвчлал нь улам сайжирч, өргөн хэрэглээнд нэвтрэх боломжтойг эрдэмтэд мэдэгджээ. Ингэж чадвал хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн бодлыг бусад хүмүүс шууд уншдаг болох юм. 
Р.Түвшин 
Эх сурвалж: BBC