|

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан арьс, ширний цогцолборын барилгын ажилтай танилцлаа

Дархан-Уул аймагт барьж буй арьс, ширний цогцолборын барилгын ажилтай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр танилцлаа. Дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөнгөн үйлдвэр технологийн парк нь арьс шир, ноос, ноолуур боловсруулах үндсэн үйл ажиллагаатай аж. 
Нийт 6 хэсгээс бүтэх уг барилгын ажлын цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлыг хийж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажээ.
Манай улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг. Түүхий эдийн нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулснаар Дархан хотод 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болж төдий хэмжээгээр орон нутгийн эдийн засаг өргөжин тэлэх боломжтой. 
Түүнчлэн 40 жилийн төлөвлөгөө гаргасан бөгөөд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламж барих аж. Барилгын ажлыг эрчимжүүлэх, чанар, аюулгүй ажиллагааг эрхэмлэж төлөвлөгөөт ажлаа цаг хугацаанд нь дуусгахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцоллоо.
 
Л.Отгонбаатар