|

Өглөөний цайтай уншлага болсон байна

 Аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн "Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад /2016.04.20/ Дэлхийн номын өдрийг тохиолдуулан аймгийн Хүүхдийн номын ордонд  Өглөөний цайтай уншлага боллоо. Энэ өдрийг манай улс тав дахь жилдээ, аймгийн Хүүхдийн номын ордон хоёр дахь жилдээ тэмдэглэж байна.

Өглөөний цайтай уншлагад 9 дүгээр сургуулийн Б.Золжаргал багштай 8а ангийн хамт олон оролцов. Сурагчид таван багт хуваагдан, жүжиглэх, шүлэглэх, харилцан ярих зэрэг сонирхолтой хэлбэрээр уншлагыг өрнүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд сурагчдад хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцсан юм.

Мөн тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт хэлэлцэв. Тухайлбал: өвлийн улиралд нэгдүгээр давхрын уншлагын танхимууд хүйтэн байдгийг мэргэжлийн хүмүүс тооцоо судалгааг нь хийж, төсвийн тодотголоор оруулахаар боллоо. Үүнээс гадна номын фондоо баяжуулах, цахим номын сантай болох зэрэг асуудлууд яригдлаа. аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: -"Эдгээр асуудлыг гадна, дотны хөрөнгө оруулалтыг судлан боломж бололцоогоор нь шийдвэрлэнэ” гэлээ.