|

Бялдаржуулах төвүүд ажиллана

Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа. 
Дэлхий нийтээр тархаж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтэд үндэслэн бялдаржуулах төв, хөдөлгөөнт дасгалын клубуудыг цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар болсон аж.

Тодруулбал зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн спорт заалнаас бусад спорт зааланд, бялдаржуулах төв /фитнес/, саун, иогийн клубүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг  зөвшөөрсөн аж.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг хэмжих, гарын ариутгал хийх, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам хийх шаардлагатай. Түүнчлэн насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдийг нэг дор арваас дээш цуглуулахгүйгээр, цаг хоорондын зайн зохицуулалтыг хийж холбогдох мэргэжлийн байгууллагаас гарсан, стандарт, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.  

 
Л.Отгонбаатар